Шууд Chart

Ховд аймгийн Мөст сумын малчдыг хүлээн авч уулзлаа

2014-10-20 17:00:51

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр Ховд аймгийн Мөст сумын “Баян төл” хоршооны малчдыг хүлээн авч уулзав. “Баян төл” хоршоо нь 2011 онд мал аж ахуйн гаралтай түүхий эд бэлтгэх, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр хамтран ажиллаж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих зорилготойгоор байгуулагджээ.

Тус хоршооны гүйцэтгэх захирал Т.Алтансүх, “Хоршооны гишүүд жилд хоёр удаа хуралдаж  ажлын тайлангаа хэлэлцэж байна. Одоогоор бид 82 малчин өрх, 183 гишүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд  8.3 сая төгрөгийн үндсэн хөрөнгөтэй болж санхүүгийн хувьд өнгөрсөн онтой харьцуулахад гурав дахин нэмэгдсэн” гэв.
 
Харин тус хоршооны Хяналтын зөвлөлийн дарга, малчин Л.Пүрэвжав хэлэхдээ “Манай хоршоо өнгөрсөн 2012 онд Ховд аймгийн тэргүүний хоршоо, 2013 онд хонины ноос бэлтгэсэн үзүүлэлтээрээ тэргүүлж шагнал авсан. Цаашид энэ амжилтаа бататгахаар зорилт тавин ажиллаж байна. Бид гишүүдийн идэвх оролцоог сайжруулахаар жил бүр тайлангийн хурал зохион байгуулан малчдаа урамшуулах, хэрэгцээтэй тохиолдолд малчин өрхөд 1.5 хувийн хүүтэй зургаан сарын хугацаатай зээлийн үйлчилгээ үзүүлж байна” гэлээ.
 
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, малчид хоршиж байж хөгжилд хувь нэмэр оруулна хэмээн онцлоод цаашид хоршоог хөгжүүлэх чиглэлээр анхаарвал зохих асуудлуудын талаар харилцан санал солилцов.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ховд аймгийн Мөст сумын малчдыг хүлээн авч уулзлаа   
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй