Шууд Chart

Худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийв

2014-10-20 17:04:43

Швейцарийн хөгжлийн агентлаг, Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр УИХ-ын Төсвийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооноос "Монгол Улсын  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн хэрэгжилт, түүнд тулгарч буй сорилтууд" сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа.

Энэ үеэр Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей худалдан авах ажиллагааны ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хэрэгжүүлэх, олон улсын хөгжлийн чиг хандлага, өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилгоор энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг дуулгаад Монгол Улсын хэмжээнд төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тогтолцоог олон улсын стандартад хүргэж, бүх шатны төсвийн хөрөнгийн зарцуулалтад хэмнэлт, үр ашиг, ил тод байдал, харилцан тайлагнах болон хариуцлагын зарчмуудыг баталгаажуулж, авилга гарах нөхцлийг бууруулах, зардлыг хэмнэх шаардлагатай байгаа гэдгийг онцоллоо.
 
Швейцарийн Элчин сайдын яамны Хамтын ажиллагааны газрын Ерөнхий консул бөгөөд Хамтын ажиллагааны захирал Маркус Валдфогел Швейцари Улс энэ цаг мөчид Худалдан авах тухай хуулиа өөрчлөхөөр ажиллаж байгаа гэдгийг хэлээд худалдан авах ажиллагааны хяналтын тогтолцоо тунгалаг, иргэний нийгмийн оролцоотой, мэдээ мэдээллээр сайтар хангагдах зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэйг зөвлөсөн юм. Мөн орон нутгийн компаниудад боломж олгож оролцох, өрсөлдөх эрхийг нээлттэй байлгах хэрэгтэйг ч хэлсэн юм.
 
Уг хэлэлцүүлэгт Дэлхийн банкны Бээжин дэх төлөөлөгчийн газраас Худалдан авах ажиллагааны тэргүүлэх мэргэжилтэн Кофи Аваньё уригдан ирж, худалдан авах ажиллагаан дахь олон улсын тэргүүн туршлагаас хуваалцав. Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Сангийн яам, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газар, Нийслэлийн худалдан авах ажиллагааны газар, энэ чиглэлээр ажилладаг олон улсын байгууллага болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож санал бодлоо хуваалцлаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Худалдан авах тухай хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг хийв  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй