УИХ дахь АН-ын бүлэг өчигдөр хуралдсан бөгөөд энэ талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. АН-ын бүлэг хуралдаанаараа Ерөнхий сайдаас мэдээлэл сонсож АН МАХН-тай хамтран ажиллах гэрээний талаар хэлэлцсэн байна. Түүнчлэн УИХ-ын нэр бүхий 28 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах тухай тогтоолын төслийг хэлэлцжээ.
Гэрээтэй холбоотой асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “АН-ын бүлэг хоёр намын хоорондын улс төрийн шийдлийн асуудлаар шийдвэр гаргах эрх байхгүй. 2012 оны долоодугаар сарын 19-нд “Шударга ёс” эвсэлтэй хамтран ажиллах гэрээний үйлчлэл 2016 оныг дуустал хэрэгжиж байгаа. Энэ гэрээгээр хүлээсэн үүргээ талууд биелүүлэн ажиллаж байна. Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд энэ гэрээний зарим заалтад өөрчлөлт оруулах, тодруулах, шаардлагатай байна гэж үзсэн. Энэхүү гэрээнд 2016 оноос хойших хоёр намын хоорондын стратегийн урт хугацааны асуудал туссан байгаа. Тиймээс намын зохих шатны эрх бүхий байгууллагаар батлах саналыг Ардчилсан намын удирдлагуудад уламжлах нь зүйтэй гэж үзсэн. Өчигдрийн хуралдааны протокол, гишүүдийн саналыг АН-ын удирдлагад явуулахаар шийдсэн” гэлээ. Мөн Ерөнхий сайдыг огцруулах тухай саналыг хэлэлцээд АН-ын бүлэг дэмжихгүй гэдэг шийдвэрийг гаргасан байна.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүл өчигдөр мэдэгдэл гаргаж, намын дарга Н.Алтанхуягт хариуцлага тооцох ёстой гэдэг зүйлийг ярьж байна?
-Нийслэлийн АН мэдэгдэл гаргасан байна. Э.Бат-Үүл намын удирдлагын нэг. АН-ын удирдлагад намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн Ардчилсан намын дарга ордог. Тиймээс энэ асуудлыг нам дотроо шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.
-Хоёр намын гэрээнд тусгасан ямар заалтыг өөрчлөх ёстой гэж АН-ын бүлэг үзсэн бэ?
-Хамтран ажиллах гэрээний төсөл дээр тойрогтой холбоотой асуудлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байна гэж үзсэн. Улс төрийн бодлогод зарим нэг үйлдвэржилт, хөрөнгө оруулалтыг тусгах нь зөв үү, буруу юу гэдгийг ярилцах нь зөв юм байна гэж үзсэн. Мөн урт хугацааны стратегийн бодлогын гэрээ байгаа учраас энэ гэрээний хугацааг аль хүртэл авч үзэх ёстой вэ гэдгийг эргэн ярина.
-Ерөнхий сайдыг танай бүлэг огцруулах шаардлагагүй гэж үзсэн байна. Огцруулах үндэслэлийг өргөн барьсан гишүүд нь гаргасан байсан. Огцруулах үндэслэлтэй санал нийлэхгүй байгаа гэсэн үг үү?
-Ерөнхий сайдыг огцруулах дөрвөн үндэслэл бүхий шаардлага тавьсан. Зарим нэг шаардлага нь хувь хүний асуудал руу хэтэрхий хандсан байна. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ийм асуудлыг үүсгэж болохгүй. Энэ нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Ерөнхий сайд үнэхээр гэм буруутай бол нотлоод, тогтоосны дараа хариуцлага тооцох нөхцөл байдал үүсэж болно. МАН-ын бүлэг зохион байгуулалттайгаар Ерөнхий сайдыг огцруулах улс төрийн үйл ажиллагаа хийж байна.
Ерөнхий сайдын МАХН-тай байгуулсан гэрээг өөрчлөх шаардлагатай гэв | ||
Үзсэн: 937 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.