УИХ-ын ээлжит чуулганы хуралдаанаар ирэх оны төсвийн тухай хэлэлцлээ. Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуулийн төслийн талаар танилцуулсан юм. Тэрээр Монгол Улсын 2015 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай, Төсвийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт, тусгай шаардлагууд, зарчмуудыг удирдлага болгосон гэдгийг хэллээ. Мөн Засгийн газрын бүтцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу Засгийн газраас өргөн барьсан 2015 оны төсвийн төсөлд Төсвийн ерөнхийлөн захирагчдын төсөвт орох өөрчлөлтийн нөлөөллийг тооцож, шинэчлэн боловсрууллаа. Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийн хүрээнд шинэчлэн боловсруулсан төсвийн төсөлд Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.160.4 тэрбум төгрөг, нийт зардал 7.638.8 тэрбум төгрөг, нийт тэнцвэржүүлсэн тэнцэл 478.4 тэрбум төгрөг болж байгаа бөгөөд өмнө нь өргөн мэдүүлсэн төсвийн төслөөс нийт тэнцэл 1.3 тэрбум төгрөгөөр сайжирч байгаа гэдгийг Ерөнхий сайд танилцуулав.
Улсын төсвийн 2014 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, ирэх оны гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан 2015 оны төсвийн орлогыг бодитой төлөвлөх, урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зарчмыг баримтлан ирэх оны төсвийн төслийг боловсруулсан. Төсвийн орлогын тухайд уул уурхайн бүтээгдэхүүний үнийн хэлбэлзлээс төсөвт учирч болзошгүй эрсдэлийг бууруулах зорилгоор гол нэр төрлийн эрдэс баялаг болох зэс, нүүрсний тэнцвэржүүлсэн үнэ, зах зээлийн үнийн зөрүүгээс үүсэх орлогыг Төсвийн тогтворжуулалтын санд төвлөрүүлэхээр тооцлоо. Ирэх онд татварын орчинг тогтвортой байхаар төлөвлөж, одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн хүрээнд төсвийн орлогын боломжит эх үүсвэрийг дайчлах замаар төсвийн орлогын хэмжээг тооцох зарчим баримталсан гэдгийг тэрбээр хэллээ.
Эдийн засгийн өсөлт, хөрөнгө оруулалт, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн, энгийн, ойлгомжтой татварын орчин бүрдүүлэх бодлогыг ирэх онд үргэлжлүүлнэ. Ирэх онд татварын ямар нэг өөрчлөлт гарахгүй. Мөн орлогын нэр төрөл бүрт шинжилгээ хийж, макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, татварын бааз суурь, хөнгөлөлт, чөлөөлөлтийн хэмжээ, олон улсад нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагаас зарласан ашигт малтмал, газрын тосны бүтээгдэхүүний үнийн таамаглал зэргийг нарийвчлан судалж төсвийн орлогын тооцоололд ашигласан гэлээ.
Харин төсвийн зарлагын тухайд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн тусгай шаардлагыг хангаж төсвийн зардлын өсөлтийг хязгаарлах, төсвийн хөрөнгийн хуваарилалт, зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэх зарчим баримталсан. Энэ үндсэн дээр төсвийн нийт зардлын өсөлтийг хязгаарлаж дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын хэмжээг 2.0 хувиас хэтрүүлэхгүй байх; цалин, тэтгэвэр, тэтгэмжийг 2015 онд инфляцын түвшин, хөдөлмөрийн бүтээмж, салбарын онцлогийг харгалзан индексжүүлж нэмэх; ьөрөөс иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг бууруулахгүй байх, төсвийн хэмнэлт, үр ашгийг нэмэгдүүлэх; нийгэм, хүн ам зүйн статистик өөрчлөлтийн нөлөөгөөр нэмэгдэх урсгал зардлыг төсвийн төсөлд тусгах; орон нутгийн засаг захиргаанаас иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хэрэгжүүлэх төсөв, хөрөнгийг орон нутагт хариуцуулах, орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах; төсвийн ерөнхийлөн захирагч бүр хариуцсан салбарын хэмжээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээг тэргүүлэх зорилт, хүрэх үр дүн, ач холбогдлыг харгалзан эрэмбэлэх замаар төсвийн хөрөнгийг оновчтой хуваарилж, төсвийн боломжит нөөцөд багтаан хэрэгжүүлэхээр төсөлд тусгасан гэдгээ Ерөнхий сайд танилцуулсан юм.
Нэгдсэн төсвийн урсгал зардлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 2011- 2012 онуудад дунджаар 30 орчим хувьтай хэлбэлзэж байсан бол 2013 онд 25.9 хувийн гүйцэтгэлтэй, 2014-2015 онуудад дунджаар 25 хувь байхаар төлөвлөж, 2016-2017 онуудад дунджаар 22.5 хувьтай байх төлөвтэй байна. Төсвийн хөрөнгийн зардлыг оруулан тооцвол нийт зарлагын ДНБ-д эзлэх хувь 2015 оны төсвийн төсөлд 32 орчим хувьтай тэнцэхээр байгаа нь Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан төсвийн нийт зарлагын өсөлтийг хязгаарлаж, ДНБ-ий 40 хувиас хэтрүүлэхгүй байх, эдийн засаг дахь төрийн оролцоог зохистой түвшинд хүргэх зорилтод нийцэж байна гэдгийг Засгийн газрын тэргүүн хэллээ.
Засгийн газар ирэх онд төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлж зөвхөн шинээр хийгдсэн хөрөнгө оруулалтын улмаас боловсрол, эрүүл мэнд, соёл болон бусад салбарт төрийн үйлчилгээний цар, хүрээ нэмэгдэхтэй холбоотой орон тоо, урсгал зардлын өсөлтийг төсвийн төсөлд тусгажээ. Дээрхээс бусад тохиолдолд төсвийн байгууллагын орон тооноос хамаарсан урсгал зардлыг нэмэгдүүлэхгүй байх, боломжит хэмжээнд хүртэл үе шаттай бууруулах; шинээр ашиглалтад орсон барилга, байгууламжид үйл ажиллагаа явуулах хэвийн нөхцөл бүрдүүлэх зориулалттай тавилга худалдан авахаас бусад тохиолдолд тавилга худалдан авах, шинэчлэх зардлыг санхүүжүүлэхгүй юм байна.
УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, боловсрол, эрүүл мэнд, соёл спорт, нийгмийн хамгааллын салбарт хийгдсэн хөрөнгө оруулалтын үр дүнд 2015 онд төрийн үйлчилгээний хүртээмж, цар хүрээ нэмэгдэхтэй холбогдуулан багш, эмч, сувилагч, асрамж сувиллын газрын ажилтан, байр ашиглалтын хэвийн үйл ажиллагааг хангах үйлчилгээний ажилтан зэрэг орон тоо, зардлыг төсвийн боломжит эх үүсвэрт багтаан төсөлд тусгах зарчим баримталсан. Тухайлахад, улсын хэмжээнд 2015 онд улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын хөрөнгө оруулалтаар цэцэрлэгийн зориулалттай 82, сургуулийн барилга, дотуур байр, спорт заалны зориулалттай 81, эмнэлгийн зориулалттай найман барилга, байгууламж ашиглалтад орно. Боловсролын салбарт сургууль, цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо нэмэгдсэний улмаас төрийн үйлчилгээний тоо хэмжээ, цар хүрээ нэмэгдэхтэй холбоотойгоор нийт 26.629.5 сая төгрөгийн урсгал зардал 2014 оны тодотголтой харьцуулахад нэмэгдэхээр байна гэдгийг Ерөнхий сайд танилцууллаа.
Түүнчлэн ирэх онд цалин, тэтгэвэр, тэтгэмжийг инфляцын түвшин, бүтээмж, салбарын онцлогийг харгалзан индексжүүлж үе шаттай нэмэгдүүлэх; цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд шаардагдах эх үүсвэрийг нэгдсэн дүнгээр нь 500 тэрбум төгрөгт хүргэхээр төсвийн төсөлд тусгажээ. Энэ талаар Ерөнхий сайд “Иргэдийн санааг зовоож, амьжиргаанд нь нөлөөлж байгаа валютын ханшийн огцом өөрчлөлт, цалин, тэтгэвэр тэтгэмжийн хүрэлцээгүй байдал, үнийн өсөлт зэргийн талаарх судалгаанд үндэслэн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэхэд өмнөхөөс ахиц дэвшил гаргахаар төсөлд тусгасан” гэдгээ хэлсэн юм.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.