Шууд Chart

МХХ-ны дэд Ерөнхийлөгч холбоог түр даргална

2014-10-21 14:32:16

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганболдод хориг тавьснаас хойш нуугдмал байгаа түүний үүрэг гүйцэтгэгчээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх А.Ганбаатарыг томилжээ. МХХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр ээлжит бус их хурал хүртэл Ерөнхийлөгчийн зөвлөх МХХ-г даргалахаар болсон байна.

 

Тэрээр өчигдөр тамга тэмдгээ хүлээн авсан ба холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрээр ээлжит бус их хурлаа 2014 оны арваннэгдүгээр сарын 22-нд хуралдуулахаар болжээ.

 

Мөн Удирдах зөвлөлийн хурлаар холбооныхоо ерөнхийлөгч асан Б.Ганболдод нэгэнт ФИФА хариуцлага тооцсон учраас давхар шийтгэл ногдуулах шаардлагагүй гэж үзсэн байна. Гэвч ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатарыг хүлээн зөвшөөрөхгүй нэг хэсэг хүмүүс байна. Учир нь, Удирдах зөвлөлийнхөн хурал хийж байхад хэвлэлийнхэнд А.Ганбаатар нь МХБХ-той эрхзүйн хамааралгүй болох тухай гурван баримт хэмээн тараасан байна.

  • Баримт 1. А.Ганбаатар нь төрийн улс төрийн албан тушаалтан юм. Тэрээр одоогоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөхийн албан тушаалыг хашдаг.
  • Баримт 2. А.Ганбаатар нь МХБХ-ны дэд ерөнхийлөгч биш юм. МХБХ-ны дүрмийн дагуу дэд ерөнхийлөгчийг Их хурлаас сонгоно гэж заасан байдаг. 2010 оны III их хурлаас холбооны дэд ерөнхийлөгчийг сонгоогүй. Сүүлд 2013 онд Б.Ганболдын томилгоогоор А.Ганбаатарыг энэ суудалд холбооны дүрмийг зөрчин тавьсан байдаг.
  • Баримт 3. Олон улсын хөлбөмбөгийн холбоо нь дүрэм журмын хүрээнд нийт байгууллагуудынхаа сонгуульт болон гүйцэтгэх албан тушаалд улс төр болон төрийн албан тушаалтанг оролцуулахыг хатуу хориглосон байдаг. Хэрэв МХБХ-ны үйл ажиллагаанд оролцсоор байвал ФИФА МХБХ-ны гишүүнчлэлийг түтгэлзүүлэх аюултай" гэжээ

МХХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч А.Ганбаатар: “Би дэд ерөнхийлөгчийн хувьд Олон улсын хөлбөмбөгийн холбооны статустай. Бүр санал өгөх эрхтэйгээр үйл ажиллагаанд оролцдог. Би ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилогдсноос ингээд ерөнхийлөгч болчихож байгаа юм биш. Сайд нар, УИХ-ын гишүүд жудо, цана, боксын холбоог удирдаад явж л байгаа. Үүнд ямар ч асуудал байхгүй. Холбооны ажлаа эхлээд хэвлэлийнхэнд мэдээлэл өгье. Дараа нь өөрсдөө тойрч суугаад болохгүй байгаа зүйлээ яръя” гэлээ.

Хэвлэлийн хурал дууссаны дараа хөлбөмбөгийн холбооны УЗ-ийн гишүүд болон холбооны ажилчид, хөлбөмбөгчид, дасгалжуулагч нар уулзалт хийхээр болсон байна. 


Нийтэлсэн: Б.Батхолбоо

МХХ-ны дэд Ерөнхийлөгч холбоог түр даргална  
Үзсэн: 1122 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй