Засгийн газрын бүтцийг УИХ-аар баталсны дараа шинээр томилох сайд нарын нэрсийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн мэдүүлсэн. Тодруулбал, Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Зоригтыг, Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайдаар Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнг, Уул уурхай, эрчим хүчний сайдаар Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Р.Жигжидийг томилохоор болсон.
Харин Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдын нэрийг өргөн бариагүй юм. Учир нь Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс хүн томилох байсан бөгөөд бүлэг тухайн үед сайдад томилох хүнээ сонгоогүй байсан.
Харин үүний дараа эвслийн бүлэг хуралдаж мөн МАХН-ын бага хурлаар хэлэлцэж байгаад УИХ-ын гишүүн, Эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад дэвшүүлэх болсноо мэдэгдсэн. Үүний дагуу өнөөдөр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгийг Засгийн газрын гишүүн-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар томилуулах саналаа өргөн мэдүүллээ.
Дашрамд дурдахад, шинээр томилох сайд нарын асуудлыг өнгөрсөн долоо хоногт байнгын хороогоор хэлэлцэх үед УИХ дахь МАН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авсан юм.
Н.Батцэрэгийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдад томилохоор өргөн мэдүүлэв | ||
Үзсэн: 1590 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.