Өнөөдөр хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Засгийн газрын “11 11 төв”-д ажиллалаа. Хөдөлмөрийн яам энэ жил 50.000 орчим хүнийг ажлын байраар хангах зорилт тавин ажилласнаас одоогийн байдлаар 39.100 гаруй хүн байнгын ажилтай болжээ. Түүнчлэн 150.000 гаруй хүнийг түр ажлын байранд зуучлан ажиллуулсан гэж Хөдөлмөрийн сайд хэллээ. “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд 7000 хүнийг сургаж, ажлын байртай болгох зорилт тавин ажилласнаас одоогийн байдлаар 6250 орчим хүн шинээр мэргэжилтэй болж, компаниудтай гурвалсан гэрээ байгуулан, ажилд оржээ. 2012 оны эхний улиралд 10.3 хувь байсан ажилгүйдлын түвшинг 7.3 болгон бууруулсан нь иргэдийн хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, ажлын байр шинээр бий болгоход чиглэсэн бодлого боловсруулан хэрэгжүүлсний үр дүн гэж сайд хэллээ. Халамжийн бодлогыг хэт хавтгайруулсны улмаас иргэдийн хөдөлмөр эрхлэлт буурсан үзүүлэлттэй байжээ. Үүнийг илэрхийлдэг хөдөлмөрийн салбарын үндсэн үзүүлэлт бол ажиллах хүчний оролцооны түвшин юм. Иргэдийн ажил хөдөлмөр эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласны үр дүнд 2011 онд 59 хувь болтол буураад байсан ажиллах хүчний оролцооны түвшинг 63 хувь болсон байна. Эх орондоо ажиллах, ажилтай болох боломж нээгдсэнээр гадаадад ажиллах иргэдийн тоо буурчээ. Өмнө нь жилд 3000 гаруй хүн БНСУ-д ажиллахаар явдаг байсан бол энэ жил 1100 болжээ.
Хөдөлмөрийн сайд иргэдийн асуултад хариулав | ||
Үзсэн: 795 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.