Шинэ кино нээлтээ хийх тоолонд жүжигчид болон уран бүтээлчид нь улаан хивсээр алхдаг "мода" Монголд дэлгэрээд байсан юм. Тэгвэл өчигдөр нээлтээ хийсэн “Тусгай ажиллагаа” кино багийнхан үзэгчдээ улаан хивсээр алхуулж хүндэтгэлээ.
Биднийг очиход “Өргөө” кино театрын үүдэнд кино багийнхан үзэгчдээ угтан авч байлаа. Үзэгчид ч олон цугларсан байв. Тэд бүгд улаан хивсээр алхацгаасан юм.
“Тусгай ажиллагаа” кинонд туслах дүр болон ерөнхий продюсерийн үүрэг гүйцэтгэсэн жүжигчин СТА Ө.Мөнх-Эрдэнэ буюу Мөөжиг арга хэмжээг нээж "Бид энэ өдөр та бүхэнтэйгээ уран бүтээлээ хамтдаа нээх гэж байна. Үзэгч та бүхэн л уран бүтээлчийг “өнгө оруулдаг”. Биднийг оршин тогтнуулж буй та бүхнийг нэгэнтээ сэргээх шинэ шийдэл, өвөрмөц өнцөгтэй кино болсон болов уу гэж уран бүтээл бид бодож байна. Энэ өдөр уран бүтээлчид бид биш та бүхэн улаан хивсэн дээгүүр алхах ёстой юм шүү” гэлээ.
Кино багийнхан “Тусгай ажиллагаа” шинэ уран бүтээлийнхээ анхны цацалтыг эхэлтэл үзэгчдээ хөгжөөх бэлгүүдийг бэлтгэжээ. Хурсан олон Монголын цорын ганц ёодол дуучин П.Баярцэнгэлийн “For you” хэмээх уран бүтээлийг сонслоо. Дараа нь "Дижитал" хамтлагийн “Гандан буурахгүй” дууг сонсон хөгжицгөөв.
Киноны ерөнхий найруулагчаар “Хайрын рекорд”, “Намрын синдром”, “Тагнуулч аав” зэрэг киногоороо үзэгчдэд танигдаад байгаа Д.Галбаатар ажилласан. Сүүлийн үед инээдмийн киноны төрлийг баяжуулсаар буй Д.Галбаатар найруулагчтай уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо. Тэрбээр "Би болоод энэхүү киног бүтээлцсэн баг маань нэг ажлын ард гарчихлаа гэж сэтгэл тайвшрах арай л болоогүй. Учир нь уран бүтээлийг хийх нэг хэрэг. Харин үзэгч түмэндээ хүргэж чадах гэдэг бидний туйлын зорилго байдаг. Ингээд тус уран бүтээлээр энэ нийгэм, залуусд өгөх мессеж бүрэн утгаараа хүрээсэй. Өнөөдөр биднийг зорин ирсэн энэ олон хүмүүс, дэлгэцийн урлагийг шимтэгч эгэл үзэгчдэдээ баярлалаа” гэв.
"Тусгай ажиллагаа" киноны гол дүрийн жүжигчин, СТА Т.Хулан “Миний урьд урьдын тоглосон уран бүтээлээс илүүтэйгээр надаас мэдрэмж шаардсан кино. Юу гэвэл би энэ киноны нэгэн гол дүр болох архины үйлдвэрийн эзний эхнэр. Нөхрийн дүрд тоглосон жүжигчин Анууштайгаа кинон дээрээ төдийгүй зураг авалтын үеэр ч бараг уулзаагүй. Гэхдээ эхнэрийнх нь дүрд тоглосон нь надаас ихээхэн мэдрэмж шаардсан” гэсэн юм.
Харин ерөнхий продюсер бөгөөд туслах дүрийн жүжигчин СТА Мөөжиг “Би энэ цаг мөчид “Тусгай ажиллагаа” киноныхоо тухай ярихаасаа илүү үзэгчдээсээ л шуум сонсохыг хүсч байна. Мэдээж энэхүү уран бүтээлд маань оносон, алдсан зүйл бий. Гэхдээ үйл явдлын шугам, хөндөх сэдэв, цар хүрээний хувьд нэлээд өргөн хүрээг хамрах болов уу” гэж товч дүгнэлээ.
Энэхүү киноны тухай мэдээлэл, трэйлер гарсаар үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа. Кино инээдмийн бөгөөд бас л өөрийн гэсэн санаа, утга агуулгатай. "Тусгай ажиллагаа" кинонд АЖ С.Сарантуяа, СТА М.Баярмагнай, Т.Хулан, Э.Гантулга /Анууш/, Э.Ууганбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ /Мөөжиг/, Э.Батхүү, С.Баттулга, Э.Мөнхжаргал, А.Болорсүх нарын чадварлаг уран бүтээлчид тогложээ. Найман сарын турш хийгдсэн "Тусгай ажиллагаа" кино театруудаар гарч эхэллээ. Түүнийг хэрхэн үнэлж дүгнэх эрх нь үзэгч танд үлдээд байна.
Үзэгчдээ улаан хивсээр алхуулж хүндэтгэлээ | ||
Үзсэн: 1304 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.