Шууд Chart

Төмөр замын царигийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2014-10-23 12:37:53

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төмөр замын тээврийн бодлогын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн Эдийн засгийн байнгын хороо Тавантолгой – Гашуунсухайт, Сайншанд – Замын-Үүд, Хөөт – Бичигт чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1435 мм-ийн царигтай, Арц суурь – Эрдэнэт, Тавантолгой – Сайншанд – Баруун-Урт – Хөөт – Чойбалсан, Хөөт – Нөмрөг чиглэлийн төмөр замын шинэ шугамыг 1520 мм-ийн царигтай барих саналыг  оруулж ирсэн. Мөн Засгийн газрын өргөн барьсан болон хэлэлцээрийн үед ярьж, нэмснээс гадна Сайншанд-Ханги, Нарийнсухайт-Шивээхүрэн гэсэн нарийн цариг нэмэх саналыг оруулж ирсэн юм.

Чуулганы хуралдааны эхэнд байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар танилцуулсан.  Танилцуулгатай холбогдуулан асуулт асуусан УИХ-ын О.Баасанхүү байнгын хорооноос оруулж ирсэн энэ чиглэлд заасан цариг нь зарим талаар Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлоготой зөрчилдөж байна гэсэн юм. Харин УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар "Монгол Алт" компанийн хүсэлтээр тогтоолын төсөлд МАК-аас Шивээхүрэн чиглэлд нарийн царигтай төмөр зам тавих хүсэлт тавьсныг хавсаргасан. Гэхдээ хувь гишүүний хувьд энэ нь бодлогын баримт бичигтэй зөрчилдөж байгаа гэдэгтэй санал нэг байна гэсэн юм.
 
УИХ-ын гишүүн Х.Баттулга Зам тээврийн сайд нь байхгүй байхад төмөр замын бодлого хэлэлцэх нь буруу гээд эхлээд Засгийн газрын бүтцийг шийдсэний дараа төмөр замын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн юм. Мөн түүхий эдийг гадагш зөөхөөс өмнө боловсруулах үйлдвэр байгуулах ёстой. Тавантолгойгоос түүхий нүүрс зөөгөөд одоо ямар байдалд орж байгааг хүн бүхэн харж байна гэсэн юм. Түүнчлэн ингэж нэг компанийн саналаар аймаг болгоны газар нутагт хилээ сэтгээд төмөр зам тавиад байвал эргээд юу үлдэх вэ гэдгийг сайтар бодож үзэх хэрэгтэй гэлээ.
 
Харин УИХ-ын дарга З.Энхболд “Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдэх үед салбарын сайд нь байсан. Тэгээд ч одоо сайдаас асуух асуулт байхгүй. Засгийн газар өргөн барьсан болохоор мэдэж байгаа. Төмөр замын асуудлыг хангалттай ярьсан, одоо шийдэх хэрэгтэй” гэсэн хариултыг өглөө.
 
Хуралдааны үеэр Ерөнхий сайд төмөр замын асуудал их удсан учраас өнөөдөр шийдэх ёстой гэсэн юм. Тэрээр мөн Засгийн газраас өргөн барьсан тогтоолын төсөлд тусгаснаас Сайншанд-Ханги, Нарийнсухайт-Шивээхүрэн гэсэн чиглэлийг байнгын хорооноос нэмсэн байна гээд энэ асуудал ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийсэн хэлэлцээрт сөрөг нөлөө үзүүлнэ гээд энэ асуудалд анхааралтай хандахыг гишүүдээс хүссэн юм.
 
Харин УИХ-ын гишүүн Г.Уянга Сангийн сайд нь байхгүй байхад төсөв хэлэлцэж, Зам тээврийн сайд нь байхгүй байхад төмөр зам хэлэлцэж болохгүй гээд энэ олон чухал асуудлын өмнө Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэсэн саналыг хэлсэн.
 
Хуралдааны үеэр Ж.Энхбаяр гишүүн байнгын хорооноос гаргасан Сайншанд-Ханги, Нарийнсухайт-Шивээхүрэн гэсэн хоёр чиглэлийг батлах талаар тусад нь гишүүдээс санал хураасан нь дээр гэсэн горимын санал гаргасан. Мөн Су.Батболд гишүүн төмөр замын асуудалд байнгын хороог хариуцлагагүй хандаж байна гээд хэдэн жил ярьсан энэ асуудлыг шийдэх болоход дахиж байнгын хорооноос өөр санал оруулж ирээд УИХ-ыг нийгэмд тэнэг болгож харуулж байна гэлээ.
 
С.Баярцогт гишүүн байнгын хорооноос гаргасан энэ хоёр санал нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа төмөр замын бодлоготой зөрчилдсөн гэдгийг хэлээд хэрэв дээрх хоёр чиглэлийг батлах талаар санал хураах юм бол хууль бус болно гэсэн юм. Хуралдааны төгсгөлд С.Баярцогт гишүүний гаргасан саналын дагуу УИХ-ын гишүүд Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан дээрх чиглэлийн замуудыг батлахыг дэмжилгүй буцаалаа. Ингэснээр Эдийн засгийн байнгын хороо дахин хуралдаж дээрх нэмсэн хоёр чилэлийн царигийн асуудлыг хасаад хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэн чуулганы хуралдаанд оруулж ирэх үүрэг хүлээлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төмөр замын царигийн анхны хэлэлцүүлгийг хийлээ  
Үзсэн: 1213 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй