УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /Төрийн ордонд зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмаа, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ж.Батзандан, Ё.Отгонбаяр, М.Зоригт нар болон Хууль зүйн яам, Цагдаагийн Ерөнхий газрын албан хаагчид, малчдын төлөөлөл оролцож малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцлоо.
Мал хулгайлах гэмт хэрэг өнгөрсөн 2011 онд 1169, 2012 онд 1376, 2013 онд 1435 бүртгэгдэж сүүлийн гурван жил дарааллан өссөн ба гэмт хэргийн илрүүлэлт 10,2 хувиар буурчээ. Малын хулгайн гэмт хэрэг үйлдэж буй хүмүүсийн 52.1 хувь нь ажилгүй иргэд байгаа бөгөөд гарсан хулгайн 80 гаруй нь малаа бэлчээрт эзэнгүй орхисонтой холбоотой аж. Хөдөө орон нутагт ядуурал, ажилгүйдэл нэмэгдэж, орлогын тогтвортой эх үүсвэргүй иргэд малын хулгайн гэмт хэрэг үйлдэх нь нэмэгдэж байгааг илтгэлдээ онцлов.
Хэнтий аймгийн Дархан сумын малчдын төлөөлөл энэхүү хэлэлцүүлэгт оролцсон бөгөөд тус сумын гуравдугаар багийн Засаг дарга Г.Содном малын хулгайн гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор олон арга хэмжээ зохион байгуулж байгаа талаар хэлэв. Хэнтий аймагт малчин өрхүүд нэгдэж малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хоршоо байгуулжээ. Малын хулгайн гэмт хэргийг таслан зогсооход хамгийн их саад болж буй зүйл нь илэрсэн гэмт этгээдүүдтэй малчид тохиролцож цагдаагийн байгууллагад хандалгүй орхих явдал гэдгийг малчид хэлж байсан юм.
Цагдаагийн Ерөнхий газрын Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн дарга Г.Бөхчулуун, хөдөө орон нутагт шуурхай ажиллах хангамж муу байгаагаас гадна махны ченж нарын үйл ажиллагаанд тавих хяналт дутмаг талаар онцлоод гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цаашид анхаарах хэд хэдэн санал гаргалаа. Тэрээр малчдын малын хариулга маллагааг сайжруулах, малын бүртгэлийн системийг боловсронгуй болгох, мах бэлтгэх тогтолцоонд өөрчлөлт хийх /тууварлах, тээвэрлэлт, нядалгаа, түгээлт, үйлдвэрлэл, бэлтгэн нийлүүлэгчдэд албан ёсны зөвшөөрөл олгох/, хулгайн гэмт хэрэгт холбогдогч этгээдүүдэд тавих хариуцлагыг чангатгах зэрэг олон чухал санал хэлэв.
“Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлэг болов | ||
Үзсэн: 1301 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.