Шууд Chart

Эбола вирусээс сэргийлж ХӨСҮТ-д мэргэжлийн дөрвөн багийг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэжээ

2014-10-23 14:27:04

Долоо хоног бүрийн пүрэв гараг бүрт болдог энэ уулзалтын эхэнд эбола вирусийн халдварын тархалт, халдвараас сэргийлэх, бэлэн байдлыг хангах, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Н.Удвал танилцууллаа.

Энэ сарын 19-ний байдлаар Гвиней, Либери, Сьерро-Леон, Нигер, Сенегал, Испани, АНУ, БНАКУ зэрэг найман улсад эбола вирусийн нийт 10002 тохиолдол бүртгэгдэж, 4926 хүн нас барсан. Эдгээрийн 443 нь эрүүл мэндийн ажилтнууд байна. Сүүлийн долоо хоногт 717 хүн шинээр өвчилж, 322 хүн нас баржээ.
 
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнгөрсөн наймдугаар сард гаргуулж, Эрүүл мэндийн сайдын тушаалаар тандалт, хариу арга хэмжээний заавар гаргасан. Засгийн газрын энэ сарын 346 тоот тогтоолоор 477 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлүүлж, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах ажлыг зохион байгуулж байна. Улсын онцгой комиссын шийдвэрээр Эрүүл мэндийн сайдаар ахлуулсан салбар хоорондын ажлын хэсгийг 10 дугаар сард байгуулсан юм.
 
ДЭМБ-аас 160 гаруй сая төгрөгийн оношлуур, хамгаалах хувцас хэрэгсэл, мэдээлэл сурталчилгаанд зарцуулж байна. ХӨСҮТ-д мэргэжлийн дөрвөн багийг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэлээ. Сургалт, сэрэмжлүүлэг, гарын авлага, зурагт хуудас, зорчигчдод зориулсан зөвлөмж гарган иргэдийг мэдээллээр хангаж байна гэж Эрүүл мэндийн сайд хэллээ.
 
Мөн тус салбарт 2014 онд хийгдсэн хөрөнгө оруулалтын талаар, "Ерөнхий сайдын төсвийн багцаас 23.9 тэрбум төгрөг зарцуулж, 11 аймагт оношлогооны төв байгуулсан нь оношлогоо, шинжилгээ хийлгэхээр нийслэлийг зорьдог иргэдийн урсгалыг 30-40 хувь бууруулсан. Цусны даралтын аппаратыг аймаг, нийслэл, сум, дүүрэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд олголоо. Сүрьеэ өвчнийг оношлож илрүүлэхэд 76 хоног зарцуулдаг байсан бол GeneXpert тоног төхөөрөмж нэвтрүүлснээр хоёр цагт оношлодог боллоо. Ерөнхий сайдын төсвийн багцын хоёр тэрбум төгрөгөөр хүүхдийн зүрхний ангиографийн лабораторийг байгуулж, зүрхний гажигтай хүүхдүүдэд тусламж үзүүлж чаддаг боллоо"  зэрэг мэдээллийг Эрүүл мэндийн сайд хийлээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Эбола вирусээс сэргийлж ХӨСҮТ-д мэргэжлийн дөрвөн багийг сургаж, нөөцийн 50 ор бэлтгэжээ  
Үзсэн: 1375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй