Өнгөрсөн бямба гарагт АН-ын дарга Н.Алтанхуяг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нар хоёр нам 2024 он хүртэл хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан. Үүний дараа “нууц” гэсэн тодотголтой дээрх гэрээний хавсралт материал гарч ирсэн юм.
Уг хавсралт гэх материал гарч ирсний дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг нууц гэрээ байгуулаагүй, бид энэ талаар холбогдох албаныханд шалгуулна гэж мэдээлж байсан.
Харин энэ талаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газраас мэдээлэл хийж, МАН-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Н.Дэмбэрэл болон бусад нэр бүхий хүмүүс хуурамчаар үйлдсэн болохыг тогтоосон хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн энэ үеэр Тагнуулын ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Буяндалай энэ хэргийг шалгаж эхэлсэн гэдгээ ч мөн мэдэгдлээ.
Ийнхүү Тагнуулын ерөнхий газрыг мэдээлэл хийсний дараа МАН-аас мэдээлэл хийсэн юм. Тэд Н.Дэмбэрэлийг уг гэрээ байгуулахаас өмнө ажлаасаа гарсан байсан тул энэ хэрэгт ямар ч холбоогүй гэсэн юм. Түүнчлэн Н.Дэмбэрэлийг шалгаагүй байж хилс хэрэгт гүтгэж байна гээд худлаа мэдээлэл өгсөн тагнуулынхныг шалгуулна. Тэд хууль зөрчин ажлын байранд орж ирж, хард диск хурааж авсан хэмээн мэдэгдлээ.
МАН-ын нарийн бичгийн дарга Т.Гантулга, хуульч Раднаасэд нарын ярьснаар аравдугаар сарын 22-нд буюу өнгөрөгч шөнө Тагнуулынхан МАН-ын төв байранд нэвтэрч, компьютерийн хард дискийг авч явсан ажээ.
Мэдээллийн үеэр ТЕГ нь Ерөнхий сайдын гар хөл болж, улс төрийн шинжтэй байгууллага болсон тохиолдлууд удаа дараа давтагдаж байгааг сануулав. Тухайлбал, Ерөнхий сайдын 50 тэрбум төгрөгтэй холбоотой асуудал, Ерөнхий сайд ахлах зөвлөх Л.Гансүхээ эргэсэн асуудалтай холбоотойгоор АТГ-ын ажилтнууд, холбогдох иргэд, мөн сэтгүүлчдийг шалгаж байгаа асуудлыг дурдлаа.
Мөн хэвлэлийн бага хурлын үеэр АН, МАХН-ын хамтран ажиллах гэрээний хавсралт гэх гэрээг МАН хийгээгүй болохоо ч албан ёсоор мэдэгдэв. Ингэхдээ ТЕГ нь сөрөг хүчний байранд прокурорын зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж компьютерүүдийг нь хураасан, ажилтнуудаас нь шөнийн цагаар тулган шаардах замаар мэдүүлэг авч, гүжирдлэгийн шинжтэй мэдээллийг тараасан тул энэ асуудлаар прокурор болон холбогдох хууль хяналтын байгууллагуудад хандахаар боллоо.
Үүнээс гадна ТЕГ-аас нэр нь дурдагдаад байгаа Н.Дэмбэрэл болон МАН-ын нэг ч удирдлагаас тайлбар тодруулга авалгүйгээр гэмт хэрэгт холбогдуулан мэдээлэл цацсаныг буруутгав.
Ардын нам ТЕГ-ын мэдээллийг үгүйсгэв | ||
Үзсэн: 1804 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.