Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өнөөдөр / 2014.10.24 / сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
УИХ-ын Тамгын газраас гаргасан мэдэгдэлд, “УИХ-ын зарим гишүүдийн гар утасны дугаарыг ашиглан Газрын тухай хууль, “Bank of Сhina”, төмөр замын царигтай холбоотой мессежийг "Мобиком" корпораци, "Юнител" группийн үүрэн телефоны сүлжээгээр тойргийн сонгогчдод болон нийтэд тараасан үйлдэл гарлаа. Энэхүү үйлдэл нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 13 дахь хэсэгт иргэний халдашгүй байх эрх, мөн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хуулиар хамгаалагдсан Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлыг хөндсөн гэж үзэж байна. Мөн Улсын Их Хурлын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6 дахь хэсэгт “Гишүүний харилцуур утас болон бусад тусгай хэрэглээний холбооны хэрэгсэл төрийн хамгаалалтад байх бөгөөд бүрэн эрхээ хэрэгжүүлэх, үйл ажиллагаагаа явуулахтай холбогдсон шуудан, захидал харилцааны болон мэдээллийн нууцыг задруулахыг хориглоно”, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт заасан “Иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно” гэж заасныг тус тус зөрчжээ. Иймд Улсын Их Хурлын зарим гишүүний утасны дугаарыг ашиглаж мэдээ тараасан үйлдлийг шалгуулах болон зохих залруулга хийлгэх талаар холбогдох байгууллагад хандсан болохыг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээжээ.
Уг мэдэгдлийг зарласан хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатараас дараах тодруулгыг авлаа.
-Энэ асуудалтай холбоотойгоор "Мобиком" корпорациас мэдээлэл хийсэн. Тусгай хяналтын хороогоор энэ асуудлыг шалгуулах хүсэлтийг нэр бүхий гишүүд гаргасан байсан. УИХ энэ асуудалд хэр хурдан хандаж, эзэн холбогдогчийг илрүүлж чадах вэ?
-Энэ үйлдэл гарсны дараа УИХ-ын дарга З.Энхболд ТЕГ-т үүрэг өгч энэ асуудлыг шалгахыг даалгасан. Мөн өнөөдөр УИХ-ын даргын зөвлөл дээр дээрх асуудал яригдаж Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр уг асуудлыг шалгах ажлын хэсэг байгуулах талаар үүрэг өгчихсөн байгаа. Үүний дагуу ажлын хэсэг байгуулна. Тэд үүнийг шалгаж тогтооно.
Асуудал хариуцсан хууль хяналтын байгууллагууд нь хуулийн дагуу мэргэжлийн үйл ажиллагаа явуулж энэ асуудлыг шалгаж тогтооно. Өнөөдөр Мобикомоос мэдэгдэл гаргасан байсан. Гэхдээ аль ч үүрэн телефоны компаниуд өөрийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй. Гаднын нэг байгууллагаас ийм үйлдэл хийсэн байна гэж мэдэгдэхээс илүү тухайн хэрэглэгчийн захидал харилцааны хувийн нууцыг хамгаалах үүрэгтэй гэж үзэж байна.
-Буруутан тогтоогдсон тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ?
-Хууль хяналтын байгууллагууд эзэн холбогдогчийг нь тогтоосны дараа ямар хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн болон бусад хууль тогтоомжоор шийдэгдээд явна.
Гишүүдийн дугаарыг ашиглан мессеж бичсэн асуудлаар УИХ-ын Тамгын газраас мэдээлэл хийв | ||
Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.