Шууд Chart

“Ерөнхий сайдыг огцруулах кноп дарах нь АН-ыг буудахтай адил” гэв

2014-10-27 14:56:59

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж хоёр асуудал хэлэлцжээ. Нэгдүгээрт, өнгөрсөн долоо хоногт улс төрийн хүрээнд дуулиан тарьсан үйл явдлуудын талаар Ерөнхий сайдаас мэдээлэл сонссон байна. Харин дараа нь 2015 оны төсвийн төсөлтэй холбогдуулан Сангийн яамны мэдээллийг сонсчээ.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон МАХН-ын дарга Н.Энхбаяр нарын гарын үсэгтэй АН-МАХН-ын хооронд хийсэн нууц гэрээ гэх зүйлийг хуурамчаар үйлдэн олон нийтэд тараасан мэдээлэл ихээхэн дуулиан тарьсан. Монгол Улсын төрийн эсрэг ийм гэмт үйлдлийн шинжтэй зүйлийг холбогдох байгууллагууд нь яаралтай шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй гэв.

Түүнчлэн Ерөнхий сайд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн даргын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн нь ноцтой асуудал гээд ийм ёс зүйгүй, увайгүй улс төр өмнө нь Монголын төрд гарч байгаагүй гэлээ.
 
Мөн өнгөрсөн баасан гарагт болсон УИХ-ын гишүүдийн өмнөөс худал мессеж бичиж тараасан үйл явдлыг гадаад улсаас үйлдсэн нь бүр ч ноцтой гээд энэ асуудлыг яаралтай шийдэхийг ТЕГ-аас шаардсан байна. Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотойгоор байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулах талаар яригдаж байгаа гэдгийг хэллээ.

Мөн “АН-ын 15 гишүүн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулахаар гарын үсгээ зуржээ” гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр тараад байгаа. Энэ асуудлыг тус бүлэг өнөөдрийн хуралдаанаар мөн авч хэлэлцсэн байна. Бүлгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Болор “Би гарын үсэг зураагүй. Зураагүй байхад зурсан гээд бичсэн байгаа зүйлийг шалгаж өгнө үү” гэх хүсэлтийг бүлгийн даргадаа тавьжээ. Мөн Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулна гэсэн яриа гаргаж байгаа гишүүддээ “Ерөнхий сайдыг огцруулах кноп дарах нь АН-ыг буудахтай адил” гэж  сануулж байгаа гэлээ.

Үүнээс гадна ирэх 2015 оны төсвийн төслийн талаар дахин хэлэлцэж үзэх нь зүйтэй хэмээн үзэж ажлын хэсэг гаргахаар болсон байна. Учир нь ирэх оны төсвийн тухай хуульд нийслэл болон аймаг орон нутагт зарим төсвийн эрх мэдлийг шилжүүлэхээр зохицуулсан байсан юм. Гэвч нийслэлийн Засаг дарга болон зарим орон нутгийн удирдлагууд үүнийг эсэргүүцэж байгаа тул ийнхүү дахин хэлэлцэхээр болжээ.
 
Түүнчлэн ирэх онд төсвийн алдагдалгүй ажиллахын тулд сая баталсан төмөр замын тээврийн бодлогодоо уялдуудан ажлаа цаашид үргэлжлүүлэх,  “Тавантолгой”-н менежментийн хувьчлалыг түргэвчлэх мөн Оюутолгойн далд уурхайн асуудлыг яаравчлах хэрэгтэй гэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

“Ерөнхий сайдыг огцруулах кноп дарах нь АН-ыг буудахтай адил” гэв  
Үзсэн: 989 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй