Өнөөдөр болсон Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Зам, тээвэр, барилга хот байгуулалтын мэргэжилтнүүд оролцлоо.
2013 онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймгууд болон Замын-Үүдийг нийслэлтэй автозамаар холбосон бол энэ онд Өмнөговь, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудын замыг ашиглалтад оруулна. Сүхбаатар аймгийн замын хөдөлгөөнийг нээсэн, Хөвсгөлийн замын хатуу хучилтыг энэ долоо хоногт дуусгана. Харин Дорнодын чиглэлд 90 км автозамын өмнөх гүйцэтгэгч "Насны зам" компанитай хийсэн гэрээг цуцалж, өөр гүйцэтгэгч сонгох болсонтой холбоотойгоор барилгын ажлыг ирэх онд гүйцээхээр хойшлуулсан. Сүүлийн 2 жилийн дотор 2500 км автозам барьсны 1300 нь дээрх 6 аймаг, Замын-Үүдийг нийслэлтэй холбосон автозам, үлдсэн 1200 км нь ирэх жилүүдэд холбогдох бусад аймгийн болон баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам юм гэж " Зам, тээвэр, барилга хот байгуулалтын дэд сайд Х.Ержан хэллээ.
2012-204 онд нийслэлд 80 км зам шинээр барьж, 145 км замыг өргөтгөн шинэчилсэн нь ойрын үед хийгдээгүй бүтээн байгуулалт боллоо. Өнөөдөр гэхэд Бээжингийн гудамжны зорчих хөдөлгөөнийг нээлээ гэж Нийслэлийн Автозамын газрын дарга Д.Нанзаддорж танилцууллаа.
Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 225 км төмөр замын суурь бүтцийн барилгын ажил 47 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын дагуух 5 өртөө зөрлөг, ажилчдын орон сууц, засварын төв, захиргааны барилга байгууламжууд, тэдгээрийн цахилгаан эрчим хүчний хангамжийн нарийвчилсан зураг төслийг энэ онд гаргаж дуусгана. Төмөр замын дохиолол холбооны системийн зураг төсөл боловсруулах, тоног төхөөрөмж нийлүүлэх гүйцэтгэгчтэй энэ ондоо багтаан гэрээ байгуулна. 2015 оны 5 дугаар сард газар шорооны ажлыг дуусч, бүтээн байгуулалтын ажил эрчимжинэ гэж “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал П.Батсайханхэллээ. Харин зүүн чиглэлийн буюу Тавантолгой-Сайншанд-Хөөт-Чойбалсан-Эрээнцав-Бичигт чиглэлийн нийт 1506 км төмөр замын зураг төслийг гаргаж дууссан, одоо тендерийн бичиг баримт боловсруулж байгаа юм.
2013 оны зургаадугаар сард ажлыг нь эхлүүлсэн Хөшигийн хөндий дэх нисэх онгоцны шинэ буудлын бүтээн босголт 25 хувийн гүйцэтгэлтэй байна. Оффис, 1200 ажилчдын амьдрах байр, худаг, халаалтын зуух, цэвэрлэх байгууламж зэргийг байгуулж тохижуулсны зэрэгцээ бетон зуурмаг бэлтгэх гурван үйлдвэр, лабораторийн байр барьж, тоног төхөөрөмжийг угсраад байна. Бүтээн босголтын ажлын төлөвлөгөөг одоогийн байдлаар давсан биелэлттэй байна. Гэрээ ёсоор онгоцны буудлыг 2016 оны 12 дугаар сард бүрэн дуусгаж ашиглалтад оруулна гэж Улаанбаатар хотын олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн зохицуулагч Н.Энхбат хэллээ.
Зам барилгын салбарын талаар мэдээлэл хийлээ | ||
Үзсэн: 1399 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.