Шууд Chart

Д.Эрдэнэбат: Царцаасан барилгуудыг үргэлжлүүлэхэд хоёр их наяд төгрөг хэрэгтэй

2014-10-27 17:44:29

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.

-Өнгөрсөн амралтын өдрөөр М.Зоригт гишүүний туслахыг мессежийн асуудлаас болоод ТЕГ дуудаж байцаасан гэх мэдээлэл байна. М.Зоригт гишүүн ч энэ талаараа хэлсэн. АН-ын бүлэг энэ асуудлыг шалгав уу?
-М.Зоригт гишүүний туслахыг ТЕГ дуудсан талаар бид мэдээлэл авсан. Ганцхан М.Зоригт гишүүний туслахтай уулзсан юм биш. Хэд хэдэн гишүүний туслахтай уулзаж ирсэн мессежийн талаар тодруулга авсан. Тэгэхээр энэ бол тийм ч ноцтой асуудал байгаагүй.
 
-М.Зоригт гишүүн өнөөдрийн бүлгийн хуралдаанд суусан уу?
-Өнөөдөр бүлгийн хуралдаанд суугаагүй. Гэхдээ шалтгаан нь энэ асуудалтай холбоогүй. Өчигдөр Баруун-Уртын авто замын нээлтэд оролцоод үүрээр ирсэн учраас бүлгийн хуралд оролцож чадахгүй нь гэдгээ надад утсаар мэдэгдсэн.
 
-Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэй АН-ын 15 гишүүн байгаа гэж яригдаж байсан. Гишүүдийн тоо дахиж нэмэгдсэн гэсэн мэдээлэл бас гараад байна?
-Өдөр тутмын сонинд тэр гишүүдийн нэр нь гарчихсан байна лээ. Та нар очоод өөрсдөөс нь асуучих л даа.  Өнөөдөр бүлгийн хурал дээр Б.Болор гишүүн "Намайг тэр Ерөнхий сайдыг огцруулах саналд нэгдсэн гэсэн мэдээлэл гарсан байна. Би гарын үсэг зураагүй. Ийм мэдээлэл хаанаас гараад байгаа талаар шалгуулмаар байна" гэж хэлсэн. Тэгэхээр ингэж худал мэдээлэл цацах сайн зүйл биш. Нам доторх үл ойлголцол юунд ч хүргэж болно. Асуудал цаашаа яаж үргэлжлэхийг би мэдэхгүй байна.
 
-Тавантолгойн хувьчлалын асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Тавантолгойн менежментийн хувьчлалын асуудаар Засгийн газрын тогтоол гарсан. Энэ тогтоолоор Тавантолгойд менежментийн хувьчлал хийх компаниудад тендер зарлагдсан байгаа. Эцсийн хугацаа нь 11 дүгээр сарын нэгэнд дуусах юм. Болж өгвөл энэ өвөлдөө багтаагаад Тавантолгойд менежментийн хувьчлал хийгээд шалгарсан компаниуд нь шуурхай ажиллаад явчихвал зүгээр байгаа юм.
 
-Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх шаардлагыг орон нутгийн намын удирдлагууд тавиад байгаа. Гишүүнийг намаас хөөх эрх зүйн орчин бий юу, энэ талаар бүлэг дээр ярьсан уу?
-Ж.Батзандан гишүүнийг намаас хөөх асуудал бүлэг дээр яригдаагүй. Ямар нэг байдлаар намаас хөөх дүрмийн зөрчлийн асуудал үүсээгүй. Тийм учраас бүлгийн хуралдаанд зүгээр оролцоод л явж байгаа.
 
-2015 оны Төсвийн төслийг хэлэлцэх хуулийн хугацаа 11 дүгээр сарын 15-нд дуусна. Үлдсэн хугацаанд хэлэлцэж амжихааргүй боллоо гэж зарим гишүүн мэдээлж байна л даа?
-Төсөв хэлэлцэх хуулийн хугацаа бол 11 дүгээр сарын 15. Төсвийг хэтрүүлж хэлэлцэнэ гэдэг хуулийн санкц байхгүй. Хугацааны хувьд маш тулгуу байгаа. Би анхнаасаа л хэлж байсан. Гэхдээ хугацаанд баригдаад түүхий төсөв хэлэлцэх эрх УИХ-д байхгүй гэж ойлгож байна. Асуудал үүсэж байгаа бүх зүйлийг ярилцаад цаашаа явна.
 
-Ирэх оны төсөвт царцаасан нийт 400 гаруй обьектод хөрөнгө оруулалт хийхгүй гэсэн. Гэтэл зарим гишүүн нэн түрүүнд царцаасан барилгуудыг үргэлжлүүлэх ёстой гэсэн мэдээллийг бас хийгээд байна?
-Нэг талаасаа бид зардлаа танах тухай ярьчихаад нөгөө талаасаа царцаасан барилгуудад хөрөнгө оруулалт хийхийг шаардаж байна гэдэг бол ярьсан зүйлээ үгүйсгэж байгаа хэрэг. Ер нь энэ царцаасан барилгууд 2012 оны сонгуулийн өмнө УИХ-ын зарим гишүүн ямар ч хяналтгүй дур зоргоороо баахан обьект барьж эхлээд түүнийгээ санхүүжүүлэх эх үүсвэргүй болоод зогссоноос үүссэн юм. Энэ үлдэгдлийг нөхөж хийхэд хоёр их наяд төгрөг хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгө санхүүгийн боломж байхгүй гэдгийг хаа хаанаа ойлгох хэрэгтэй.
 
-Өрийн таазыг нэмэгдүүлэх талаар бүлгүүдийн байр суурь өөр өөр байх шиг байна л даа?
-Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гишүүдийн гуравны хоёроор батлагдах ёстой. Олонх нийлээд гуравны хоёрыг бүрдүүлж чадахгүй байгаа. Бид МАН-аас олон удаа гуйж байгаа. УИХ-аас бид өөрсдөө таван тэрбум долларын бонд босгох шийдвэр гаргачихсан. 1.5 тэрбум ам.долларыг нь босгосон, үлдсэн 3.5 тэрбум ам.долларыг авъя гэхээр УИХ-д зөрчил үүсээд байгаа юм. Тиймээс улс орныхоо эдийн засгийг бодоод эрүүлээр ярья гэхээр МАН үгүй гээд байгаа юм. Нэгэнт үгүй гээд байгаа бол бид өөрсдийнхөө бололцоог ашиглая гэж байгаа юм. Үнэндээ улс төрийн энэ тогтворгүй байдлаас болоод гадаадын зээл, хөрөнгө оруулалт хүлээлгэд орчихоод байна. Манай улсад хөрөнгө оруулахгүй гэсэн хүн байхгүй. Харин ганцхан улстөрийн тогтворгүй байдлаас болоод л хүлээлт үүсээд байгаа юм.
 
 
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Эрдэнэбат: Царцаасан барилгуудыг үргэлжлүүлэхэд хоёр их наяд төгрөг хэрэгтэй  
Үзсэн: 1345 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй