Шууд Chart

Гал унтраах автомашин гардуулав

2014-10-28 07:52:19

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Л.Болд нар өнгөрсөн амралтын өдрүүдэд Баянхонгор аймгийн Богд, Жинст, Өлзийт сум болон аймгийн төвд ажиллалаа.

Гишүүд Богд суманд ажиллах үеэрээ “Богд сумын сум дундын эмнэлэг болон тойргийн сумдын эрүүл мэндийн төвийн хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөлгөөнд оролцлоо. Зөвлөгөөнд Богд сумын сум дундын эмнэлэгийн бүсэд хамрагддаг Баянлиг, Баянговь, Жинст зэрэг сумдын эмч мэргэжилтнүүд, сум багийн засаг дарга нар оролцсон юм.
 
Аймгийн хэмжээнд Богд, Баянцагаан, Жаргалант сумдад сум дундын эмнэлэгтэй бөгөөд сум дундын эмнэлэгийн статусаар үйл ажиллагаа явуулахад төсөв хөрөнгөний асуудал хүндрэлтэй байдаг байна. Сум дундын эмнэлэг гэсэн статустай ч сумын эмнэлэгүүдтэй адил хэмжээний төсөвтэй байдаг гэдгийг зөвлөлгөөнд оролцсон мэргэжилтнүүд хэлж байлаа.
 
Мөн гишүүд тус аймагт ажиллах үеэрээ Бууцагаан, Баянлиг сумдын удирдлагуудад гал унтраах автомашин гардуулан өглөө. Аймгийн 2014 оны нийгэм эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэлд “Шинэ сум” төсөл хэрэгжсэн дээрх хоёр суманд гал унтраах автомашинтай болгох зорилт тавьсан. Энэ ажлын хүрээнд аймгийн онцгой байдлын хэлтэс сүүлийн гурван жилд хамтран ажиллаж буй БНСУ-ын Чуннам аймгийн галын байгууллагад хүсэлт уламжилсны үндсэн дээр эдгээр гал унтраах автомашиныг бэлэглэсэн байна. Автомашин хүлээж авсан сумдад дадлагажуулах гал унтраах сургалтыг хийхээр бэлтгэл хангагдсан талаар аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, онцгой байдлын хурандаа Т.Мөнхбаатар хэлэв.
 
Энэхүү автомашин нь гал унтраах бүх багаж хэрэгсэл, зориулалтын хувцас, баг, галын хоолойн шат, аврах олс гэх мэт гал унтраахад шаардлагатай хэрэгслүүдээр тоноглогдсон ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гал унтраах автомашин гардуулав  
Үзсэн: 846 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй