ХБНГУ-ын Берлин хотноо 2014 оны 10 дугаар сарын 22-24-ний өдрүүдэд Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн гуравдугаар хуралдаан, Эдийн засгийн хорооны дөрөвүгээр хуралдаан тус тус зохион байгуулагдав.
Засгийн газар хоорондын ажлын хэсгийн хуралдааны хүрээнд зохион байгуулагддаг Эдийн засгийн хорооны хуралдаан өмнөх өдрүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 10 дугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын нүүрсний салбарын нэмүү өртгийг нэмэгдүүлэх, түүхий эд олборлолтын хамтын ажиллагаа ба боловсруулалт, Монгол Улсын дэд бүтцийн хөгжил, хамтын ажиллагааны эрх зүйн болон зохион байгуулалтын тогтолцоо зэрэг нийт дөрвөн салбар хэлэлцүүлгээр хоёр талын бизнэс эрхлэгчид өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулан, тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон юм.
Улмаар 10 дугаар сарын 23-ны өдөр Эдийн засгийн хорооны нэгдсэн хуралдааныг монголын хэсгийн дарга, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны Гүйцэтгэх захирал Я.Батсуурь болон германы талын тэргүүн Э.Шүлц нар мэндчилж нээв. Тус хуралдаанаар салбар хэлэлцүүлгийг дүгнэж, нэгдсэн мэдэгдэл хийснээс гадна, эдийн засгийн хорооны өнгөрсөн хуралдаанаар шийдвэрлэсэн ажлын үйл явцыг авч хэлэлцэв. Тус хуралдаанд хоёр орны бизнесийн томоохон төлөөллүүд болох Эрдэнэс МГЛ, Эрдэнэс Таван Толгой, Багануур ХК, МАК ХХК, ГерМон Газ ХХК, Шивээ Овоо, МИАТ зэрэг монголын компаниуд, Deutsche Bahn International, ThyssenKrupp, Siemens, RAG Mining Solutions GmbH зэрэг германы томоохон компаниудаас гадна Германы машин, тоног төхөөрөмжийн холбоо, Монголын Үндэсний Газрын Ховор Элементийн Холбоо, Монгол-Германы эдийн засгийн клуб зэрэг ТББ-ууд бүхий нийт 120 байгууллагын төлөөлөл оролцсон юм. Хуралдааны эцэст Эдийн засгийн хорооны германы талын тэргүүн ноён Э.Шүлц тэтгэвэрт гарсантай холбогдуулан хорооны тэргүүний ажлаа өгч байгаагаа мэдэгдэж, монголын дэд бүтцийн салбарт хамтран ажиллах ихээхэн боломж бүхий Deutsche Bahn компанийн ТУЗ-ын дарга ноён Р.Грубе-д үүрэгт ажлаа шилжүүлж буйгаа мэдэгдсэн юм.
Засгийн газар хоорондын ажлын хэсгийн энэхүү хуралдаанаар сэргээгдэх эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх, нарны эрчим хүчний техник, салхины эрчим хүчний чиглэлээр германы техник, туршлагыг ашиглах талаар хамтын ажиллагааны илүү боломжууд байгааг хоёр тал зөвшилцөв. Мөн өнгөрсөн хугацаанд монголоос мэргэжилтэн германд дадлагажуулах явц удаашралтай байгааг талууд дурдаж, мэргэжилтнийг сургах, гэрчилгээ олгох зэрэг асуудлаар тодорхой ажиллахаар хоёр тал тохиров.
Ийнхүү ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах монгол-германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн дөрөвдүгээр хуралдаан, Эдийн засгийн хорооны тавдугаар хуралдааныг ирэх 2015 оны зургаадугаар сард багтаан Улаанбаатар хотноо хийхээр талууд харилцан тохиролцов.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.