Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Малчны тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 16 гишүүн өнгөрсөн тавдугаар сард өргөн мэдүүлсэн юм.
Нийгмийн даатгалын байгууллагаас гаргасан мэдээллээр 25.000 малчин буюу нийт малчдын зургаа орчим хувь нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байна. Нийгмийн даатгалын сангаас 45.6 мянган малчин өндөр насны, 9.5 мянган малчин хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэр авч байгаа бөгөөд 2013 онд 3.2 мянган малчин шинээр тэтгэвэрт гарчээ. Гэхдээ тэтгэвэр авагчдын дийлэнх нь 1990 оноос өмнө нэгдэл, сангийн аж ахуйд малчнаар ажиллаж байсан хүмүүс байгаа аж.
Үндэсний статистикийн хорооны 2013 оны мэдээллээр манай улсад 145229 малчин өрх байна. Улсын хэмжээгээр ядуурлын түвшин 27.4 хувь байгаа бол малчдынх 34.4 хувь, малчин бус иргэдийнх 24.4 хувь байна. Иймд манай улсын эдийн засгийн уламжлалт салбар мал аж ахуйд ажиллагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцохтой дүйцэхүйц арга хэмжээ болгон 1995 оноос хойших 20 жилийн хугацаанд төлөгдөөгүй тэтгэврийн даатгалын шимтгэлээ нэг удаа нөхөн төлөх боломж олгох нь тэдний оролцоотойгоор нийгмийн баталгааг нь хангахад чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа юм.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуулиар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэд ажилласан жилээ нөхөн тооцуулж, тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлсөн бол малчид нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа учраас уг хуулийн үйлчлэлд хамрагдах боломж багатай байснаараа онцлог гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.
Байнгын хорооны хуралдааны үеэр гишүүдийн зүгээс тухайн малчин 20 жилийн хугацаанд тэтгэврийн даатгалын ямар ч шимтгэл төлөөгүй явж ирсэн бол одоо хэдэн төгрөг нөхөн төлөх болон улсын төсөвт ямар ачаалал ирэх асуудлыг тодотгож байв. Хуулийн төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн тохиолдолд бүрэн тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгох боломжтой байхаар тусгасан. Иймд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэтгэврээ тогтоолгохоор тооцож байгаа бол энэ хэмжээнд даатгалаа төлөөд явах нь ашигтай гэсэн тайлбарыг хууль санаачлагчдын зүгээс өглөө.
Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 90.9 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр уг хуулийн төслийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх боломж бүрдэж байгаа юм.
Малчид даатгалын шимтгэл төлөөгүй бол нөхөн төлөх боломж бүрдэнэ | ||
Үзсэн: 1028 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.