Шууд Chart

О.Баасанхүү гишүүний санаачилсан эмнэлэг, эмчилгээний төвүүд эмийн сантай байх санал дэмжигдсэнгүй

2014-10-28 14:16:13

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн зургаадугаар сард Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв нь эмнэлгийн нөхцөлд хэрэглэх эмийн сантай байх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн юм.

Дээрх хуулийн төслийг өнөөдөр холбогдох байнгын хороогоор хэлэлцлээ. Энэ үеэр гишүүдийн зүгээс чанартай, баталгаатай эмийн үйлчилгээний талаар санаа тавьж байгаа нь талархууштай ч эхлээд энэ салбарын шинэчлэлийн талаар ярих хэрэгтэйг сануулж байв. Мөн цаг алдалгүй хэлэлцэх ёстой Эрүүл мэндийн даатгалын тухай, Эмийн тусламж үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн тухай зэрэг хуулийн хүрээнд эм, эмнэлгийн хэрэгслийн асуудлыг яриад шийдээд явах нь зүйтэй гэсэн саналыг хэлж байсан юм.
 
Харин О.Баасанхүү гишүүн “Улсын хэмжээнд 34 эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэр, 111 эм ханган нийлүүлэх байгууллага, 1200 эмийн сан  байгаа гэсэн судалгаа байна. Өнөөдөр иргэдийг чанартай, баталгаатай эмээр хангах асуудал тулгамдсан асуудал болоод байгаа. Иймээс тухайн эмч өөрийн харьяа эмнэлгийнхээ эмийн сантай цахимаар холбогдож өвчтөнд ямар эм шаардлагатай байгааг хэлж, эмчилгээ явуулдаг байх нь үр дүнтэй, баталгаатай гэж үзсэн. Бусад улс орон бүгд энэ жишгээр ажилладаг. Харин гадуурх эмийн сангуудын үйл ажиллагааг хаах асуудлыг энд яриагүй. Эмийн худалдаанаас эргээд ашиг нь орж ирдэг тул төсөвт хүндрэл үүсэхгүй. Өвчтөн, эмч хоёрыг холбодог эмийн үйлчилгээг үзүүлэхэд чанартай, баталгаатай эмийн сан хэрэгтэй” гэсэн тайлбарыг өгсөн.
 
Ингээд хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжих санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжих боломжгүй гэж үзлээ. Иймээс хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасан юм.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

О.Баасанхүү гишүүний санаачилсан эмнэлэг, эмчилгээний төвүүд эмийн сантай байх санал дэмжигдсэнгүй   
Үзсэн: 960 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй