Шууд Chart

Төсвийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ

2014-10-28 16:46:07

Өнөөдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төвсийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл мөн даган өргөн мэдүүлэгдсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Уг асуудлаар тус байнгын хороо өмнө нь хуралдсан ч хэлэлцэх асуудлыг гишүүдийн олонх дэмжээгүй учир дэгийн тухай хуулийн дагуу хуралдааныг түр хойшлуулаад байсан юм. Хэлэлцүүлгийн эхэнд Д.Дэмбэрэл гишүүн, горимын саналтай байгаа тухайгаа хэлж, уг саналаараа санал хураалгах хүсэлтэй байна гэв. Тэрээр, дээрх хуулийн төслийг даган өргөн мэдүүлэгдсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна. Учир нь дээрх хуулийн төслүүд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуультай зөрчилдөж байх тул хуульд нийцүүлж өргөн барих шаардлагатай байгаа юм хэмээв. Энэ саналтай холбогдуулан санал хураахад гишүүд дэмжиж хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хойшлуулахаар тогтсон.
 
Хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг гишүүдэд хуулийн төслийн танилцуулгыг хийсэн юм. Тэрбээр танилцуулгадаа, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-д заасны дагуу УИХ-ын тавдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай” хуулийг баталсан.
 
Тус хуулийн зорилт нь дунд хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн бөгөөд дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн үндсэн үзүүлэлтүүдийг Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдлийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 7.201.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.4 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлагын дээд хэмжээг 7.690.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 31.4 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 489.8 тэрбм төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувьтай байхаар тус тус баталсан байна. Гэвч энэ оны төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл, ирэх оны макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл, гадаад болон дотоод эдийн засгийн нөхцөл байдал, экспортод гаргах эрдэс баялгийн бүтээгдэхүүний үнэ, тоо хэмжээ зэрэг үзүүлэлтэд үндэслэн ирэх оны төсвийн орлого төсвийн хүрээний мэдэгдлээс буурахаар байгаа нь дээрх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай болоод байна гэв.
 
Гишүүд энэхүү асуудлаар хууль санаачлагч болон ажлын хэсгийн гишүүдээс асуулт асууж, үг хэлсний дараа хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал хураахад байнгын хорооны гишүүдийн олонхи нь дэмжсэн юм.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн тухай хуулийг хэлэлцэхийг дэмжлээ  
Үзсэн: 934 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй