Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын 94 дүгээр чуулганаар далайчдын хөдөлмөрлөх нөхцөлийн тухай конвенцийг хүлээн зөвшөөрч баталжээ. Тус конвенци нь далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бий болгоход дэмжлэг үзүүлэх зорилгоор Олон улсын Хөдөлмөрийн байгууллагаас 1920 оноос хойш баталсан, одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа олон улсын 37 гэрээ, конвенцид агуулагдаж буй далайчдын хөдөлмөрлөх нөхцөлийн хэм хэмжээг нэгтгэн сайжруулж дахин боловсруулсан баримт бичиг аж.
Уг конвенци нь худалдааны хөлөг онгоцуудын бүртгэлийн бохир тоннын нийт багтаамж нь дэлхийн худалдааны хөлөг онгоцуудын нийт багтаамжийн 33 хувийг бүрдүүлж байгаа Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн 30-аас доошгүй улс нэгдэн орсон тухай баримт бичгийг бүртгүүлсэн өдрөөс хойш 12 сарын дараа хүчин төгөлдөр болохоор хуульчлагджээ. Иймээс ОХУ, Филиппин улс энэхүү конвенцид нэгдэн орсон 29, 30 дахь улс болсноор уг конвенци 2013 оны наймдугаар сард хүчин төгөлдөр болсон байна.
Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын гишүүн орнууд энэ конвенцид нэгдэн орж, заасан хэм хэмжээг заавал дагаж мөрдөх үүрэг хүлээсэн байдаг аж. Үүний дагуу манай улс уг конвенцид нэгдэн орохоор болж өнөөдөр хуралдсан Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Далайн хөдөлмөрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 2006 оны конвенц соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжлээ.
Манай улс уг конвенцид нэгдэн орсноор санхүүгийн аливаа үүрэг хүлээхгүй бөгөөд Монгол Улсын далбааг мандуулан гадаад далайд хөвж буй хөлөг онгоцонд ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжрах юм байна.
Далайчдын хөдөлмөрлөх нөхцөлийн тухай конвенцид нэгдэхийг зөвшөөрлөө | ||
Үзсэн: 955 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.