Засгийн Газрын “11-11 төв”-ийн цахим уулзалтад Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат оролцож, иргэдийн асуултад хариуллаа. Энэ удаагийн ярилцлага Нийслэлийн 375 жилийн ой тохиолдож байгаатай холбогдуулан Хөгжлийн банкнаас санхүүжүүлж байгаа Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын ажлуудын явцын талаар өрнөлөө.
Хөгжлийн банк 2011 онд байгуулагдсанаасаа хойш бүтээн байгуулалт болон бусад төсөл хөтөлбөрийн санхүүжилтэд зориулан гурван их наяд төгрөг гаргажээ. Үүний гуравны нэг хувь буюу 1.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг нийслэл хотод хийсэн байна. Улаанбаатар хотын хүн ам сүүлийн жилүүдэд эрчимтэй өсч, хот өргөжиж байгаа ч дэд бүтцийг сайжруулах дорвитой ажил хийгээгүй ирсэн гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал хэллээ. Тус банкнаас нийслэлийн авто замыг сайжруулах төсөлд зориулан 92.9 тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ. “Гудамж” төслийн хүрээнд Улаанбаатар хотын 33 уулзварыг шинэчлэх ажлыг 81.9 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр тус төслийн нийгэм, эдийн засгийн шууд бус үр өгөөж нь жилийн 20 тэрбум төгрөг болно гэж тооцоолж байгаа аж.
Хөгжлийн банкны захирлын өгсөн мэдээллээр инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний төслүүдийг 202.3 тэрбум төгрөгөөр санхүүжүүлсний үр дүнд нийслэлийн долоон байршил, дахин төлөвлөлтийн найман бүсэд орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжтой болсон байна. Мөн дулааны III цахилгаан станцын 50 МВт-ын өргөтгөлийг 35 сая ам.доллараар санхүүжүүлж ашиглалтад оруулснаар 1 Квт цахилгаан үйлдвэрлэх өртөг 74 төгрөгөөс 36 болж буурчээ.
Түүнчлэн Дулааны IV цахилгаан станцын 100 МВт-ын өргөтгөлийн ажлыг 57.3 сая ам.доллараар санхүүжүүлснээр тус өргөтгөл дотоодын эрчим хүчний хэрэглээний 10 хувийг дангаар хангана гэж үзэж байгаа аж. Амгалангийн 348 МВт-ын дулааны станцын санхүүжилтэд зориулан 25 сая ам. доллар гаргаснаар хотын зүүн бүсийн хэрэглэгчид дулааны найдвартай эх үүсвэртэй боллоо гэсэн юм.
Улаанбаатар хотын цахилгаан станцууд болон гэр хорооллын оршин суугчдыг нүүрсээр хангадаг гол эх үүсвэр болох Багануурын уурхайн хүчин чадлыг өргөтгөх төслийг 16.2 тэрбум төгрөгөөр санхүүжүүлснээр нүүрс бутлах, ачих хүчин чадал жилд 4.5 сая тонноор нэмэгдэж, нүүрс олборлолт 10 хувиар, хөрс хуулалт 11 хувиар өснө гэж тооцоолж байна гэж Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат хэллээ.
Хөгжлийн банк нийслэлд нэг их наяд гаруй төгрөгийн санхүүжилт хийжээ | ||
Үзсэн: 850 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.