Шууд Chart

Шилэн дансны тухай хууль ирэх оноос хэрэгжинэ

2014-10-31 14:40:59

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Шилэн дансны тухай хуулийн төслийг санаачлан УИХ-д өргөн барьж батлуулсан. Уг хууль нь улс, орон нутгийн төсөв, улс, орон нутгийн өмч, хөрөнгийг зөв зүйтэй зарцуулах, энэ чиглэлээр гаргаж байгаа шийдвэр, түүний хэрэгжилтийг ил тод болгох, олон нийтийн хяналт тогтоох зорилготой бөгөөд хуулийг ирэх 2015 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлэх юм.

Өнөөдөр тус хуулийн хэрэгжилтийн бэлтгэлийг хангах тухай уулзалт хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.
 
Шилэн дансны хуулийг хэрэгжүүлснээр тухайн байгууллага дээр зарагдсан таван саяас дээш төгрөгийн бүх гүйлгээг интернэт, веб хуудас дээр тавих юм. Веб хуудасгүй бол олон нийтэд харагдах самбар дээр хадаж байрлуулна. Мөнгөний гүйлгээн дээр нэг, хоёрдугаар гарын үсэг зурсан ажилтан үүнийг нийтэд мэдээлэх үүрэгтэй. Хэрэв энэ үүргээ биелүүлээгүй бол албан тушаалаас нь чөлөөлөх үндэслэл болно гэсэн хатуу заалтыг хуульд оруулсан юм.
 
Төрөл бүрийн бонд, баталгаа, ирээдүйд төв, орон нутгийн төсөвт дарамт учруулахуйц шийдвэр гаргасан албан тушаалтан шийдвэрээ төрийн захиргааны төв байгууллага, Сангийн яаманд бүртгүүлж байж тэр шийдвэр нь хүчин төгөлдөр болох ёстой. Төрийн болон яам, байгууллагын нэрийн өмнөөс баталгаа гаргаж байгаа албан тушаалтны шийдвэр нь төвлөрсөн төрийн захиргааны төв байгууллагад бүртгэгдэж байж хүчин төгөлдөр болох учиртай.
 
Шилэн дансны хууль нь нэг талаасаа хөрөнгө мөнгөний захиран зарцуулалтыг сайжруулах, нөгөө талаасаа төсвийн үндэслэлгүй дарамтаас урьдчилан сэргийлэх, ингэхдээ олон түмний оролцоог бий болгох зэрэг талаас нь бодож хийсэн хууль юм гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлж байлаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Шилэн дансны тухай хууль ирэх оноос хэрэгжинэ  
Үзсэн: 997 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй