Нэгэн цаг үед Монголын хэвлэл мэдээллийн салбарт өөрийн ул мөрөө тодоос тод тамгалж явсан сэтгүүлчдийн нэг бол Ч.Куланда билээ. Тэрээр арлын Япон улсад анхлан зориг гарган хөл тавьж байсан цөөн эмэгтэй монголчуудын нэг юм.
Япон улсад сурч боловсрон Монголдоо 1990-ээд оны дундуур ирж, Монголын чөлөөт хэвлэл мэдээллийг хөгжүүлэн дэлгэрүүлэх үйлсэд өөрийн эрхлэн гаргаж байсан “Монгол таймс” сонингоороо идэвхтэй оролцож явсан гавьяатай нэгэн. Ч.Куланда нь, ардчилсан замналыг тууштай сонгосон Монгол Улс орныхоо хөгжилд гар бие оролцохоор сэтгэл шулуудан 1990-ээд оны сүүлээр АН-ыг сонгон улс төрч болсон түүхтэй.
Саяхны хүртэл БСШУ-ны сайд явсан тэрээр өнөөдөр Монгол төрийн үйл хэргийг гадаад улс оронд нэр төртэй үргэлжлүүлэн хашиж явна. Түүний хувийн facebook хуудсанд өнөөдөр гарсан “Ээж рүүгээ залгаарай, ээжийгээ санаарай” хэмээх хувь хүний бусад даа хуваалцсан сэтгэгдлийг хүргэж байна.
Шүүдрийн усыг цуглуулж ээждээ цай чанаж өгвөл ачийг нь хариулна гэсэн үг байдаг. Үүнийг ээжийн ач бол хариулж үл чадах зүйл хэмээн тайлж уншиж болох юм. Хаан ч бай харц ард ч бай бүгд л эхээс төрдөг. Эхийн хувьд хаан байна уу, харц байна уу төрүүлсэн үрдээ л харам байна. Хүн Танд хамгийн үнэнч, бас хамгийн хайраа үл харамлах нь ээж. Сайн явахын цагт ялаа шиг шавах нөхөр олширно. Алдаж гундаж явбал “хай” гэх хүний бараа цөөрнө. Харин ээж бол хэзээ ч дэргэд чинь байдаг. Хэзээ ч чиний төлөө бүхнийг зориулдаг, хорвоод ганцхан заяасан эрдэнэ. Тийм болоод бид ээжийгээ бурхан хэмээдэг билээ. Миний ээж 87 настай. Цаст алтайн тэртээ насаа элээж суугаа буурал. Арван хүүхэд төрүүлж өсгөсөн.
Бидний ах дүүс дотор өөдтэй өнгөтэй нь ч бий, бүдэрч боссон нь ч бий. Амьдрал дандаа аз жаргалыг алган дээр тавьдаггүйтэй адил, үхэл хагацалыг ч амсуулсан. Хүний зэрэгт хүрсэн гурван сайхан хүү нь (миний гурван эрэгтэй дүү) биднийг орхиод явсан. Миний ээжийн үзсэн хамгийн том шанлал, зовлон нь энэ. Ээжийдээ амьд мэнд харагдаж явах нь ээжийнхээ өрийг нимгэлэх хэрэгт зүтгэж буйтай адил болох аж. Ээжтэйгээ би өдөр болгон утсаар ярьдаг. Хүүхдүүдийнхээ залгаж ярихын хүлээгээд, утсаа тас атгаастай суудаг. Би болон манай ах дүү нарын утасны нэг удаагийн залгалт ээжид минь хүч нэмж, маргааш өдрийг хүлээх урам болдог бололтой. Нас өндөр болох тусам гомдож, баярлах нь амархан болчих юм. Бие нь чилээрхсэн ч гадаад, дотоод гарна гэж үгүй. Хөгжсөн орны эмнэлэг энэ тэрээг санал болгоод барсангүй, ёстой юман чинээ тоохгүй дээ.
Харин Даяннуурын эрэг, цаст уулын хормой руу гэвэл ОК шүү. Нутгийн салхи, уул ус нь ээжийг минь түшээд байна гэж би итгэдэг. Ойрын хэдэн өдөр аймгийн төвд эмнэлэгт хэвтсэн байгаа. Жаахан “засвар үйлчилгээ” хийлгэж аваад зөрүүдэлсээр байгаад эмнэлгийг орхих нь тодорхой. Тэгээд уулын бэл рүү, униар татсан хээр тал руу явж таарах байх. Миний ээжд хээрийн салхи, уул усны чимээ, өвс ногооны үнэр, цаст уулын жавар л эм болдог юм. Миний ээж нутагтайгаа амь нэгт нэгэн билээ.
Ээжийгээ, нутгаа саналаа би. Ээж рүү гээ залгаарай, ээжийгээ санаарай найзууд аа. Ээж бол хүмүүн бидний шүтээн шүү.

Хорин жилийн өмнө ээж, хоёр хүүхдийн хамт

Хорин жилийн дараа эмээгийнхээ хамт

Хорин жилийн дараа эмээгийнхээ хамт




| Ч.КУЛАНДА: Ээж рүүгээ залгаарай, ээжийгээ санаарай | ||
| Үзсэн: 2742 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.