Шууд Chart

"Токио-2020"-ийн цэнгэлдэх дахин шүүмжлэл дагуулав

2014-11-04 10:48:56

Японы Токио хотноо 2020 онд ээлжит олимп болох билээ. Тэгвэл Британийн архитектор Заха Хадид загварыг нь гаргасан цэнгэлдэх хүрээлэн бүтээн байгуулалтын ажлаасаа эхлээд хотын иргэд, мэргэжилтнүүдэд таалагдаагүй. Учир нь хотын иргэд олимпийн цэнгэлдэхийн загварт болон хотын хамгийн түүхэн бөгөөд ногоон байгууламжтай хэсэгт барихаар сонгосонд эсэргүүцэн 13 мянга гаруй хүн жагсаал зохион байгуулж байсан юм. 

Гаднаасаа сансрын хөлөг эсвэл хамгаалалтын каск мэт харагдах цэнгэлдэхийг бүтээн байгуулах анхны төсөв гурван тэрбум ам.доллар байсан боловч 1.7 тэрбум ам.доллар болгож хассан байгаа юм. Анхны хар зурагт цэнгэлдэхийн нуман дээвэр газраас 70 метрийн өндөрт сүндэрлэхээр тусгагдсан ба энэ нь Лондоныхоос гурав дахин том хэмжээтэй байх байв. Гэвч дахин засварласан хар зурагт дээврийг багасгаж, 2012 оны олимпийн цэнгэлдэхээс хоёр дахин том байхаар тооцоолжээ.

Олон нийтийн анхаарлыг эрхгүй татаж буй Токиогийн олимпийн цэнгэлдэхийн загварыг Японы алдартай архитекторууд шүүмжилсээр байна. Тухайлбал, 1964 оны олимпийн цэнгэлдэхийн загварыг гаргасан Фумихико Макиг “Тэд бидний үгийг сонсохгүй байна. Би цэнгэлдэхийн дээврийн загварыг эсэргүүцэж байгаа. Ийм ташуу, хазгай дээвэр барина гэдэг нь миний санаанд буухгүй байна. Техникийн талаас ийм дээвэр барихад хэцүү бас өндөр өртгөөр босно. Бүх спортод хүмүүс талбайг бүхэлд нь бүтээхийн эсрэг байдаг. Хэрэв задгай цэнгэлдэх байгуулвал дараа нь талбайн хэмжээг багасгаж болно. Харин битүү дээвэртэй барьсан тохиолдолд ингэх боломжгүй” гэжээ.

Харин Токиогийн албаны хүмүүс "Олимпийн цэнгэлдэхийг дээвэртэй барихыг хүсч буй гол шалтгаан нь түүнийг олимпийн дараа тоглолтын танхим болгож ашиглах сонирхолтой байгаа. Ингэж гэмээнэ 2000 он гарсаар дэлхий дахинаа бүтээн байгуулагдсан задгай дээвэртэй олимпийн цэнгэлдэхүүдийн нэгэн адил хэрэггүй зүйл болохгүй" хэмээн учирлажээ. Харин Афин, Бээжин, Лондонд өнгөрсөн олимпуудаар баригдсан цэнгэлдэхүүд нэлээд зогсонги үйл ажиллагаатай байгаа гэнэ.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

"Токио-2020"-ийн цэнгэлдэх дахин шүүмжлэл дагуулав  
Үзсэн: 1497 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй