Шууд Chart

Сагсан бөмбөгийн холбоодын маргаан Азийн наадамд оролцогчдод тушаа болж байна

2014-11-07 12:15:12

Энэ сарын 14-өөс эхлэх Азийн элсний наадамд оролцох гэж буй сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ өчигдөр  хэвлэлийн хурал зарлаж Монголын үндэсний олимпийн хорооноос тэдний тэмцээнд оролцох эрхийг хаасан талаар  мэдээлэл хийсэн.

Өнгөрөгч аравдугаар сарын 23-ны өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны хоёрдугаар шүүхийн шүүгчийн тоот захирамж гарч “Монголын сагсан бөмбөгийн холбоо” ТББ-ыг Монгол Улсыг төлөөлүүлэн олон улсын тэмцээнд баг тамирчид оролцуулахгүй байхыг Монголын үндэсний олимпийн хороонд /МҮОХ/ даалгасан байна.

Энэ захирамжийг дөрөөлөн Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэ Азийн элсний наадамд оролцох гэж байгаа багийн тэмцээнд оролцох эрхийг хаахыг МҮОХ-ноос хүсчээ. Ингээд энэ сарын 3-ны өдөр МҮОХ-ны шийдвэр гарч тэмцээнд оролцох эрхийг нь хассан байна. Харин тамирчдын хувьд тэмцээнд оролцох бүх бэлтгэлээ хангачихаад байхад ийм шийдвэр гарсанд гайхсан байдалтай байгаагаа хэлж байгаа юм.

Азийн элсний наадамд оролцох сагсан бөмбөгийн эрэгтэй багийн тамирчдын төлөөлөл: "Тамирчид бидний хувьд олон улсын тэмцээнд оролцох нь маш чухал байдаг. Бид Азийн элсний наадамд оролцох гэж хоёр жил гаруй бэлтгэл сургуулилтаа хийж байсан. Тус тоглолтын хуваарьт манай баг багтсан байгаа. Энэ маягаараа тэмцээн уралдаан алгасаад байвал олон улс дахь бидний нэр хүнд унана" гэв.

Дашрамд дуулгахад, манай сагсчид 2012 онд Азийн элсний наадамд оролцож эрэгтэй баг хүрэл медаль, эмэгтэй баг шагналт дөрөвүгээр байр, 2013 онд мөн Катарын Доха хотноо болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эмэгтэй баг мөнгөн медаль, эрэгтэй баг шагналт байрт орж байсан юм.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Сагсан бөмбөгийн холбоодын маргаан Азийн наадамд оролцогчдод тушаа болж байна   
Үзсэн: 1365 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй