Шууд Chart

Н.Батцэрэг: Засгийн газраас одоохондоо хамтарч ажиллах урилга ирээгүй байна

2014-11-10 13:10:33

УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар ирэх оны Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцжээ. Эвслийн бүлэг эдийн засагт тодорхой хүндрэлүүд бий болж хямралын байдал ажиглагдаж байгаа тул ирэх 2015 оны төсөв бүрэн хэмнэлтийнх байх ёстой хэмээн үзжээ.

Ингэхдээ боловсрол болон эрүүл мэндээс бусад бүх салбарын урсгал зардлыг 30 хувиар хэмнэх саналыг боловсруулсан байна. Мөн боловсрол болон эрүүл мэндээс бусад бүх салбарт орон тооны цомхотголыг 10 хувиар хийнэ гэж үзжээ. Түүнчлэн төсвийн ерөнхийлөн захирагч нарын мэдэлд нь байдаг хөрөнгөнд 50 хувийн зардлын хэмнэлт хийж тоногг төхөөрөмж, гадаад томилолт гэх мэт зардлуудыг танах хэрэгтэй хэмээн үзсэн байна.
 
Засгийн газарт улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийдэг нийт 41 сан байдаг. Эвслийн бүлэг үүнээс есөн санг нь татан буулгах эсвэл өөрчлөн зохион байгуулах бололцоотой хэмээн үзсэн гэдгийг тус бүлгийн дарга Н.Батцэрэг хэллээ.
 
Үүнээс гадна “царцаасан” гэх тодотголтой обьектуудыг тодорхой эх үүсвэргүйгээр орон нутгийн эрх мэдэлд өгч байгаа нь буруу гээд ирэх онд дуусгаж болох барилга обьектуудын үлдэгдэл санхүүжилтийг гаргах ёстой хэмээсэн юм. Ингэхдээ тухайн обьектуудыг дуудлагаар худалдах, зориулалтыг нь өөрчлөхгүй өөрийн хөрөнгөөр ашиглалтад оруулсны дараа хөрөнгийг нь тодорхой хугацааны дараа төрөөс урамшууллын дараа эргэн төлөх гэх мэт аргуудыг ашиглаж болно гэсэн саналыг мөн оруулсан байна.
 
Эвслийн бүлгээс гаргасан дээрх саналуудыг төсөв хэлэлцэх үед чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд Төсвийн тухай хуулийг хэлэлцэхэд “Шударга ёс” эвслийн бүлгээс ямар нэг саад болохгүй батална гэдгийг албан ёсоор мэдэгдсэн юм.
 
Үүний дараа бүлгийн даргаас дараах тодруулгыг авлаа.
 
-АН-ын ҮЗХ-оос УИХ-д суудалтай бусад нам эвслүүдтэй хамтарч ажиллах шийдвэр гарсан талаар ярьж эхэллээ. Энэ талаар өнөөдөр бүлгийн хуралдаан дээр ярив уу?
-Бид ерөнхийдөө хоёр янзын байр суурьтай байгаа. Нэгдүгээрт, 2012 оны сонгуулийн дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүний өмнөх Засгийн газарт бид мөрийн хөтөлбөрөө биелүүлэхийн тулд дөрвөн сайдаа томилж ажиллуулж байсан. Хэрэв ажлынхаа үр дүнг үзэх ёстой гэвэл мэдээж хэрэг шинэ Засгийн газарт орж ажиллах асуудал хөндөгдөнө. Гэхдээ эхлээд Ерөнхий сайд хэн болох, шинээр сонгогдсон Ерөнхий сайд бидэнд хамтарч ажиллах урилга өгөх үү, үгүй юу гэдгээс бүх зүйл шалтгаална.
 
Хоёрдугаарт, УИХ-д суудалтай бүх нам эвслүүд нийлж Засгийн газар байгуулж болох юм гэсэн яриа гарч байна. Энэ асуудалд  бид одоогоор байр сууриа бүрэн нэгтгээгүй байна. Товчхондоо бол бүх зүйл АН-аас, АН-ын шинээр нэр дэвшигдэх Ерөнхий сайдаас хамаарна.
 
-Шинээр томилогдох Ерөнхий сайдын асуудалд танай бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
- Сонгуулийн дүнгээр олонхийн санал авсан хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлдэг. Хэрэв хэн ч олонхийн санал аваагүй бол хамгийн олон санал авсан хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд дараа нь Засгийн газраа байгуулахдаа бусад нам эвслүүдтэй хамтрах талаар зөвшилцөөд  эндээс гарсан хүнийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, үүнийг нь Ерөнхийлөгч УИХ-д өргөн мэдүүлдэг Үндсэн хуулийн заалттай юм. Тийм учраас АН дотроо ямар хүнийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх вэ гэдгээс бүх зүйл шалтгаалж байгаа. Үүний дараа бид байр сууриа илэрхийлнэ.
 
-АН-ын ҮЗХ-оос МАХН-тай байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэдгийг зарласан. Энэ талаар бүлэг ямар байр суурьтай байгаа вэ?
-Энэ бол нам хоорондын асуудал учраас бүлэг дээр ямар нэг байр суурь илэрхийлэх боломжгүй. Харин өнгөрөгч 2012 онд байгуулсан АН-тай 2016 он хүртэл хамтарч ажиллах гэрээ бол хүчинтэй хэвээр байгаа.
 
 
 
 

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Н.Батцэрэг: Засгийн газраас одоохондоо хамтарч ажиллах урилга ирээгүй байна   
Үзсэн: 1117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-11-10 16:53
МУУ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй