УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр Оюутолгойн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Г.Уянга гишүүн хэвлэлийн хурлын эхэнд Монгол Улсын Шадар сайд, Уул уурхайн сайд, Сангийн сайдын хамтарсан 2013 оны тушаалаар “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж тайлан дүгнэлтээ гаргасан талаар дуулгаад “Оюутолгой” ХХК-ийн цалингийн талаарх судалгааг танилцуулав.
Тэрбээр хэлэхдээ, “Project management institute буюу Төслийн менежмент институт нь 29 орны 30 гаруй мянган төслийн менежерүүдийн цалинд судалгаа хийхэд Оюутолгойн жилийн дундаж цалин 92 мянган ам.доллар байгаа нь тогтоогдсон байна. Энэ нь судалгаанд хамрагдсан менежерүүдийн цалингаас 2.8 дахин их байгаа юм. Мөн "Оюутолгой" төслийн хүрээнд далд уурхайн ажил гүйцэтгэсэн “Рэд Пат” ХХК-ийн дотоод болон гадаад ажилтнуудын цалин асар их зөрүүтэй байна. Тухайлбал, гагнуурчны цалинг гадаад ажилтанд 1.8 сая төгрөг, харин монгол ажилтанд 71.6 мянган төгрөгөөр тооцон олгож байгаа нь 25 дахин зөрүүтэй байгаа юм” гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Уянга төрийн нууцын зэрэглэлд хамруулсан "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулалтын зардлын гүйцэтгэлийг шалгах ажлын хэсгийн тайланг нийтэд ил болгохоо өмнө нь мэдэгдэж байсан бөгөөд шалгалтаар илэрсэн зөрчлийн талаарх зарим баримтыг сэтгүүлчдэд танилцуулсан юм.
“Оюутолгой”-г гадаад, монгол ажилчдадаа ялгавартай цалин өгдөг гэв | ||
Үзсэн: 1004 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.