Хоёр өдөр хуралдсан УИХ дахь АН-ын бүлгийн хурал дөнгөж сая өндөрлөж дараагийн Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлэх гишүүнийг сонголоо.
АН-ын бүлгээс дараагийн Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар шийдсэн байна. Өглөө 11:00 цагт эхэлсэн бүлгийн хуралд нийт 35 гишүүний 30 нь ирсэн бөгөөд санал хураалт явуулахад 27 гишүүн байсан байна. Нэгэнт нийт гишүүдийн олонх бүрдсэн тул санал хураалт явуулсан гэдгийг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат дөнгөж сая мэдээллээ.
Өнөөдөр болсон бүлгийн хуралдаанд намын дарга Н.Алтанхуяг ирээгүй бөгөөд энэ яагаад ирээгүй талаар бүлгийн даргад ямар нэг тайлбар өгөөгүй ажээ. Түүнчлэн бүлгийн хуралдаанд намын даргын тэргүүлдэг Алтангадас фракцаас гишүүд ирээгүй байна.
Санал хураалт явуулах үед нэр дэвших талаар яригдаж байсан Ч.Сайханбилэг хуралдаанд ирээгүй бөгөөд гишүүд Р.Амаржаргал болон Д.Ганбат нарт санал хураалт явуулах үед МоАХ фракцаас нэр дэвшсэн Д.Ганбат гишүүн өөрөө нэрээ татаж авч буйгаа мэдэгдсэн байна. Тиймээс хуралдаанд оролцсон 27 гишүүн 100 хувийн саналаар Р.Амаржаргалыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжжээ. Түүнчлэн бүлгийн хуралдааны үеэр Р.Амаржаргал улс орны эдийн засаг, улс төрийн өнөөгийн байдал болон түүнийг сайжруулах талаар нэлээд өргөн мэдээлэл, өгч төлөвлөгөө танилцуулсан байна.
Бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлснээр түүний эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал болоод хэрхэн сайжруулах талаарх мэдээллийг нь маргаашнаас эхлэн олон нийтэд мэдээлэх ажээ.
Одоо Ардчилсан намын ҮЗХ-оос гаргасан шийдвэрийн дагуу намын дарга Н.Алтанхуяг Р.Амаржаргалыг Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлж буйгаа ҮЗХ-д уламжилна. Үүний дараа ҮЗХ-оос Р.Амаржаргалыг дэмжвэл УИХ-д өргөн мэдүүлэх юм. Хэрэв чуулганы нэгдсэн хуралдаанаар Р.Амаржаргалыг дэмжвэл тэрбээр гүйцэтгэх засаглалын тэргүүнээр 14 жилийн дараа дахин томилогдоно. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 21 болон 28 дахь Ерөнхий сайдаар тодрох юм.
Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад АН-ын бүлгээс дэмжигдээд байгаа Р.Амаржаргалын намтрыг өгүүлэхэд тэрбээр 1978 онд нийслэлийн 10 жилийн 14 дүгээр дунд сургууль, 1982 онд ЗХУ-ын Москва хотын Улс Ардын Аж Ахуйн дээд сургууль, 1995 онд Их Британийн Брэд Форд их сургууль тус тус төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Магистрын зэрэгтэй. 1982-1983 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв зөвлөлд зааварлагч,1983-1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд, 1990-1991 онд Техникийн Их Сургуульд багш, 1991-1996 онд Эдийн засгийн коллежийн захирлаар ажиллаж байсан. Түүнчлэн 1996-2000 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн, 1998-1999 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд, 1999-2000 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2000-2004 онд *Амаржаргал* сангийн тэргүүнээр тус тус ажиллаж байсан. Улмаар 2004 оноос эхлэн УИХ-ын гишүүнээр дараалан гурав дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан билээ.
Д.Эрдэнэбат: Р.Амаржаргалыг гишүүд 100 хувь дэмжсэн | ||
Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.