Өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгээс шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлж буйгаа албан ёсоор мэдэгдсэн. 14 жилийн өмнө Ерөнхий сайдаар ажиллаж байсан түүнийг дахин Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн талаар УИХ-ын нам, бүлгүүдийн төлөөллийн байр суурийг сонирхлоо.
УИХ-ын гишүүн А.Тлейхан:
-Шинэ Ерөнхий сайдад хэд хэдэн шалгуур тавих ёстой гэж би боддог. Хамгийн түрүүнд хямралтай байгаа эдийн засгийг хямралаас гаргаж чадах хүн байх ёстой. Мөн нэр нь цэвэр аливаа булхайд оролцдоггүй, шударга хүн байх ёстой, мэргэжлийн хувьд өндөр хэмжээнд бэлтгэгдсэн, өөрийн байр суурийг хамгаалж чаддаг, өөрийн гэсэн хувилбар гаргаж чаддаг тийм хүн байх хэрэгтэй. Бусад нам эвсэл, гишүүд, нийгмийн байгууллагуудтай хэл амаа ололцож харилцаж чаддаг, тэдний үгийг авах гээхийн ухаанаар сонсож чаддаг зөв харилцаатай хүн байх ёстой гэж бодож явдаг байсан. Р.Амаржаргал гишүүн бол энэ шаардлагуудыг хангаж чадаж байгаа хүн гэж бодож байна. Би 100 хувь дэмжиж байгаа. Нийгэм ч гэсэн дэмжинэ. Өөрөө туршлагатай, эдийн засгийн алдаатай бодлогыг байнга шүүмжилж хэлдэг хүн. Бид сөрөг хүчин. Гэхдээ сөрөг хүчин гэхээр бүхнийг сөрж байдаг юм биш. Бид засаг төрийн хуулийн хүрээнд зөв явуулж байгаа бодлогыг дэмжинэ. Харин хууль бус, буруу үйл ажиллагааг бол шүүмжилж эсэргүүцнэ.
УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар:
-Зөвхөн миний хувьд ч биш олон монголчууд Р.Амаржаргалыг нэр дэвшсэнийг дэмжиж байгаа. Энэ хүн өөрөө нам дотроо шахагдаж байсан, үнэн үг хэлж, шударга шүүмжлэл тавьсныхаа төлөө арга буюу шахагдаж УИХ-ын гишүүнээс хүртэл татгалзаж байсан. Өнөөдөр Монголын төрд шударга хүмүүс л хэрэгтэй. Авлига хээл хахуульд идэгдсэн, олигархи бүлэглэлийн барьцаанд орсон, газар нутгаа гадныхантай тал засаж хувааж идэж байгаа хүмүүс Засгийн газарт гарч ирэх нь улс орны аюулгүй байдал болоод тусгаар тогтнолд маш их хохиролтой. Р.Амаржаргал гишүүний хувьд харьцангуй энэ бүхнээс ангид байсан хүн. Аливаа асуудалд шударга голч байдлаас ханддаг, иргэний нийгмийн салбарт ойрхон ажилладаг бидний хувьд сэтгэлд их ойр байдаг. Энэ утгаараа Засгийн газраа зөв байгуулаасай, нам, улс төрийн явцуу бүлэглэл биш, Монголын нийт ард иргэдийн ашиг сонирхлын төлөө төрөө эмхлээсэй гэж хүсч байна.
УИХ-ын гишүүн М.Зоригт:
-Саяхан хуралдсан АН-ын ҮЗХ-ны хурлаас шинэ Засгийн газар байгуулах, Ерөнхий сайд болон бусад сайд нарыг тодруулах ажлыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгаж тогтоол гаргасан. Үүний дагуу бүлэг хоёр гурван өдөр ажиллаж байж өнөөдөр Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүний асуудлыг эцэслэн хэлэлцэж дууслаа. Өнөөдрийн хэлэлцүүлгээс онцлож хэлэх зүйл бол анх удаагаа албан тушаалтай холбоотой асуудалд фракцын зүгээс шийдвэр гаргасангүй. Ер нь манай улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал ямар байгаа билээ гээд энэ хямралаас гарах нь чухал гэж АН-ын бүлгийн гишүүд санал нэгдээд фракц хамааралгүй нэр дэвшүүлсэн юм. Их хурлын дарга бол бүлгийн 33 гишүүнийг нэр дэвшүүлсэн, С.Баярцог гишүүн Ч.Сайханбилэгийг, Г.Баярсайхан гишүүн Д.Ганбатыг, С.Эрдэнэ гишүүн Р.Амаржаргалыг нэр дэвшүүлсэн. Гишүүд өөрсдийнхөө нэрийг ч дэвшүүлэх боломж нээлттэй байсан. Ингээд гурван нэр дэвшигч дээр ярилцаж байгаад санал хураахад Д.Ганбат гишүүн нэрээ татаж авсан. Харин үлдсэн хоёр гишүүн дээр санал хураахад Р.Амаржаргал гишүүн санал хураалтад оролцсон гишүүдийн 100 хувийн дэмжлэг авсан, Ч. Сайханбилэг ямар ч санал аваагүй. Нэгэнт намын ҮЗХ-оос үүрэг өгснийг бид хэрэгжүүлсэн учраас бүлгийн даргад намын ҮЗХ-д очиж ажлаа хийсэн гэдгийг танилцуулах даалгавар өгсөн. Мөн намын даргад бас энэ шийдвэрийг хүргүүлсэн.
УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа:
-УИХ-ын гишүүний хувьд би Ардчилсан нам маш зөв шийдвэр гаргалаа гэж дотроо баярлаж байна. Монголын эдийн засгийг өнөөгийн хүнд нөхцөлөөс гаргаад сайхан болгодоггүй юм аа гэхэд ямар ч байсан бодлогын алдаануудаа засаад зөв суурин дээр аваачиж чадах байх гэж бодож байна. Бид бодлогын том том алдаанууд гаргаснаас болоод байдал ингэж хүндэрчихээд байгаа юм. Тийм учраас тэр бодлогын алдаануудаа засаад явчих юм бол унаж яваа эдийн засгийн уналтыг жаахан сааруулж, улмаар үүнийгээ зогсоосны дараа зөв суурин дээр аваачих байх гэж бодож байна.
Р.Амаржаргал гишүүнд боловсрол, мэдлэг, ажлын дадлага туршлага дутна гэж байхгүй. Өөрийнхөө шийдвэрийг зоригтой гаргаж чаддаг улс төрч гэж би боддог юм. Тийм учраас Р.Амаржаргал гишүүн бол Монгол Улсын Ерөнхий сайдыг нэр төртэй хийж чадна гэдэгт итгэлтэй байна.
Ерөнхий сайдад нэр дэвшээд байгаа Р.Амаржаргалын тухай гишүүд юу хэлэв | ||
Үзсэн: 2118 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.