Шууд Chart

Ардчилсан намын ҮЗХ-оос гаргасан тогтоолын төсөл нь өөрчлөгдсөн гэв

2014-11-13 09:30:40

Саяхан хуралдсан Ардчилсан намын ҮЗХ-ын ээлжит бус чуулганаас шинэ хамтарсан Засгийн газар байгуулах болон Ерөнхий сайд томилох асуудлыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгасан тогтоол гаргасан хэмээн АН-ын бүлгээс мэдэгдэж тус тогтоолын хуулбарыг олон нийтэд танилцуулсан.

ҮЗХ-оос гаргасан тогтоолын дагуу бид Ерөнхий сайдад томилох хүнийг шийдэх эрхтэй хэмээн бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдэгдэж, Засгийн газрын тэргүүнд УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын нэрийг дэвшүүлсэн.
 
Гэтэл Ерөнхий сайд асан, намын дарга Н.Алтанхуяг өнгөрсөн даваа гарагт мэдээлэл хийж Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх хүнийг намын дарга сонгодог дүрэмтэй. Тиймээс Шинэчлэлийн Засгийн газрын эсрэг санал өгсөн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй хэмээн мэдэгдэж байсан.
 
Өөрөөр хэлбэл, намын дарга болон бүлгийн дарга, гишүүдийн байр зөрчилдсөн гэсэн үг юм. Н.Алтанхуяг намын дүрмээ баримталж Ерөнхий сайдыг нэр дэвшүүлнэ гэсэн бол бүлгийн дарга ҮЗХ-оос гаргасан тогтоолын дагуу бид Ерөнхий сайдыг нэр дэвшүүлнэ хэмээсэн.
 
Ингээд өчигдөр намын бүлгээс шийдвэр гаргаж Р.Амаржаргалыг Засгийн газрын тэргүүнд нэр дэвшүүлсний дараа намын Хяналтын Ерөнхий хорооноос мэдэгдэл гаргаж бүлгийн энэхүү шийдвэр хууль зөрчсөн гэдгийг хэлсэн. Ингэхдээ хаалттай хуралдсан намын ҮЗХ-ны үеэр хийсэн бичлэгийг танилцуулсан юм.
 

Уг бичлэгт хурал даргалагч нар зөвхөн Засгийн газар байгуулах асуудлыг УИХ дахь АН-ын бүлэгт даалгах талаар санал хурааж буй юм. Өөрөөр хэлбэл, ҮЗХ-оос гаргасан Ерөнхий сайд болон Засгийн газар байгуулах асуудлыг намын бүлэгт даалгасан гэсэн тогтоолын төсөл нь хурлын үеэр хийсэн санал хураалтын бичлэгтэй зөрж байгаа юм.
 
Намын Хяналтын Ерөнхий хорооноос энэ асуудлыг цаашид шалгуулна гэсэн бөгөөд дараагийн ҮЗХ-ны хурал дээр энэ талаар танилцуулах ажээ.
 
/Тогтоолын төслийн хуулбар/
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ардчилсан намын ҮЗХ-оос гаргасан тогтоолын төсөл нь өөрчлөгдсөн гэв   
Үзсэн: 1774 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй