Өнгөрсөн есдүгээр сард ОХУ-ын Ерөнхийлөгч В.И.Путин манай улсад ажлын айлчлал хийсэн. Энэ үеэр хийгдсэн гол хэлэлцээрүүдийн нэг нь хоёр улсын хооронд харилцан визгүй зорчих асуудал байсан билээ. Айлчлалын үеэр талууд харилцан гарын үсэг зурсан бөгөөд үүний дараа хоёр орны Засгийн газар дотооддоо энэ хэлэлцээрийг гүйцэтгэсэн бөгөөд маргаашнаас эхлээд хоёр улсын иргэд визгүй зорчих юм.
Гэхдээ хоёр орны бүх төрлийн паспорт эзэмшигч иргэд нэг удаад 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих боломжтой. Визгүй зорчих нийлбэр хугацаа нь тухайн иргэн анх орсон өдрөөс эхлэн 180 хоног буюу зургаан сарын хугацаанд 90 хоногоос илүүгүй байхаар заасан аж. Харин 30 хоногоос дээш хугацаагаар зорчих, оршин суух, хөдөлмөр буюу арилжааны үйл ажиллагаа эрхлэх бол зохих виз авах юм байна. Мөн дипломат албаны хүмүүс, олон улсын байгууллагын ажилчид болон тэдний гэр бүлийн гишүүд, ОХУ-д байнгын оршин суудаг Монголын иргэд, Монголд байнга оршин суудаг Оросын иргэдэд дээрх хэлэлцээр үйлчлэхгүй аж. Эдгээр хүмүүс хоёр орны хооронд хугацаа харгалзахгүй тусгай эрхтэй зорчих нь хэвээрээ байгаа ажээ.
Энэ хэлэлцээрийн бас нэг чухал нөхцөл нь хоёр улсын иргэд харилцан зорчихдоо ямар нэг хүндэтгэх шалтгаанаар 30 хоногоос хэтэрсэн бол хугацаагаа сунгах тухай өргөдлийг тухайн улсын эрх бүхий байгууллагад гаргах ёстой. Монгол, Орос харилцан визгүй зорчиж эхэлснээр манай улс руу Оросоос гэмт хэрэгт холбогдсон иргэд ирэх вий гэсэн болгоомжлол байгааг буруутгах аргагүй. Гэхдээ “ОХУ-ын Үндсэн хуульд онц ноцтой эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн, эрэн сурвалжилж буй хүмүүст гадаад паспорт олгохгүй гэж заасан байдаг учир санаа зовох асуудал байхгүй гэдгийг ОХУ-ын ЭСЯ-ны Консулын хэлтсийн дарга В.В.Горячев хэллээ.
Маргаашнаас ОХУ руу визгүй зорчино | ||
Үзсэн: 1222 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.