Шууд Chart

Академич Х.Намсрайг "Чингисийн одон"-гоор шагнана

2014-11-13 17:01:21

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” болгон тэмдэглэж байхаар УИХ-аас 2012 онд хуульчилсан. Энэ удаа 11 дүгээр сарын 23-ны ням гарагт “Монгол бахархлын өдөр” тохиох гэж байна.

Уг өдөр ёслол, хүндэтгэлийн олон арга хэмжээ зохион байгуулдгийн нэг нь Чингис хааны одон гардуулах үйл ажиллагаа юм. Энэ удаад “Монгол бахархлын өдөр”-өөр Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг шагнахаар болжээ.
 
Академич Хавтгайн Намсрай 1943 онд Завхан аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн. Москвагийн их сургуулийг 1968 онд дүүргэсэн. Сургуулиа төгссөнөөс хойш математикийн салбарт тасралтгүй 46 жил ажиллаж байгаа эрдэмтэн хүн. Ажлын үр дүнг нь товч хэлбэл Физикийн салбарт Ертөнцийн бүтцийг бүрдүүлэгч эгэл урт бүхий цэгэн бус онолыг боловсруулан квант физикийн онолд шинэ чиглэл гаргаж, дэлхийн физикчдийн дунд нэрд гарсан "Намсрайн онол", "Намсрайн дөхөлт" гэсэн онол, арга зүйн шинэ шийдэл, томьёоллыг бий болгосон. Математикийн салбарт Интеграл, дифференциал тоололд шинэ чиглэл гаргаж, интегралыг бодох оновчтой шийдэл, түгээмэл томьёонуудыг боловсруулсан байна.
 
Тэрбээр 1997 онд Монгол Улсын Төрийн соёрхол, 2009 онд Монгол Улсын Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн цол, 2012 онд Монгол Улсын Засгийн газрын шилдэг бүтээлийн шагнал хүртсэн байна. Х.Намсрай эрдэм шинжилгээ, судалгааны гарамгай бүтээл туурвиж, Монгол Улсын нэрийг дэлхий дахинаа дуурсган улс үндэстнийхээ өмнө бахархам гавьяа байгуулсан их эрдэмтэн учраас Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж "Чингис хааны одон"-гоор шагнахаар болсон гэдгийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэллээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Академич Х.Намсрайг "Чингисийн одон"-гоор шагнана  
Үзсэн: 1192 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй