Шууд Chart

Төсвийн талаар их хурлын дарга, намын бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ

2014-11-14 16:33:03

Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төсвийн тухай хуулийн төслийн гурав болон дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ирэх оны төсөв ерөнхийдөө хэмнэлтийн шинжтэй байгаа гэдгийг Төсвийн байнгын хорооны дарга болон гишүүд хэлсээр байсан юм.

Ерөнхий сайд, Сангийн сайдгүй үед баталсан гэдгээрээ онцлогтой болсон 2015 оны Төсвийн тухай хуулийг УИХ ийнхүү хугацаандаа баталж байгаа юм. Гэхдээ Засгийн газар шинэчлэн байгуулагдсан тохиолдолд төсөвт тодотгол хийнэ гэдгийг зарим гишүүд хэлж байгаа.
 
Төсвийн тухай хуулийн төслийг баталсны дараа УИХ-ын дарга З.Энхболд болон Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар хамтарсан мэдээлэл хийсэн юм.
 
Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд 2015 оны Төсвийг хугацаандаа амжиж батлахын тулд байнгын хороо болон ажлын хэсэг яаравчлан ажилласан гээд ирэх жилийн төсвийн гол онцлогийг урсгал зардлыг 118 тэрбум төгрөгөөр хассан явдал гэдгийг хэллээ.
 
Харин Төсвийн байнгын хорооны  дарга Ц.Даваасүрэн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ийм хэмжээний буурсан төсөв баталж  байгаагүй гээд Засгийн газар огцорсон,  Сангийн сайдгүй үед төсөв баталсан нь онцлог байлаа гэсэн юм.
 
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ирэх оны төсвийг намын бүлгүүд харилцан ойлголцож байж баталсан гэдгийг хэлсэн. Гэхдээ шийдээгүй үлдсэн хэд  хэдэн  асуудал бий гээд ялангуяа, “Чингис”, “Самурай” бондын хөрөнгийг төсөвт тусгах эсэх асуудлаар  нэг ойлголцолд хүрэх  шаардлагатай байна гэсэн юм. Мөн ирэх онд төсвийн тодотгол хийх шаардлагатай гэдгийг онцоллоо.
 
Харин УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт  Засгийн газар Монгол Улсын түүхэнд байгаагүй хариуцлагагүй, замбараагүй, хууль зөрчсөн төсөв өргөн барьсныг ч дурдаж, энэхүү алдаа дутагдлыг арилгах чиглэлээр ажилласнаа тодотгосон юм.
 
Үүнээс гадна “Төсвийн тухай хуульд тусгасан байсан хамгийн ноцтой асуудал бол төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 онд 37 тэрбум төгрөг зарцуулж байсан бол 2015 оны төсвийн төсөлд 19 дахин их буюу 708 тэрбум төгрөгийг төсөвлөж оруулж ирсэн. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг хямралтай үед төсвийн зардлыг аль болох бууруулах, аж ахуйн нэгж, ард иргэдээс ирэх онд дөрвөн төрлийн татвар шинээр авахаар оруулж ирснийг зогсоож чадсан. Мөн өрийн босгыг нэмэгдүүлэхгүй байх, гаднаас зээл авахгүй байх шаардлагыг тавьсан” гэлээ.
 
УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг 2015 оны эхний улиралд төсөвт тодотгол хийх зайлгүй нөхцөл байдал үүссэн үед ирэх жилийн төсвийг баталлаа хэмээн мэдэгдсэн юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Төсвийн талаар их хурлын дарга, намын бүлгийн дарга нар мэдээлэл хийлээ  
Үзсэн: 1124 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй