Шууд Chart

Вьетнамын гадаад хэргийн дэд сайд айлчилж байна

2014-11-17 15:43:25

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны дэд сайд Д.Ганхуягийн урилгаар БНСВУ-ын Гадаад хэргийн дэд сайд Данг Минь Хой 2014 оны арваннэгдүгээр сарын 16-19-ний өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

Гадаад хэргийн дэд сайд Данг Минь Хой айлчлалын үеэр Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагвад бараалхаж, ГХЭЗХА-ны дэд сайд Д.Ганхуяг, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд Ц.Туваан нартай тус тус уулзаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүлээн авалтад оролцож, Хошиминий нэрэмжит 14 дүгээр дунд сургуульд зочилно.

Монгол Улс, Вьетнам Улстай уламжлалт найрсаг харилцаатай бөгөөд өнгөрсөн хугацаанд хоёр орны харилцаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, техник, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбарт өргөжин хөгжиж, хоёр орон олон улсын тавцан, бүс нутгийн хэмжээнд бие биенээ харилцан дэмжиж ирсэн билээ.

Монгол Улс Зүүн өмнөд Азийн орнуудтай найрсаг харилцаа хөгжүүлж, бүс нутгийн олон талт яриа хэлэлцээний үйл явц, интеграцид нэгдэн орох, Монгол Улс АПЕК-т гишүүнээр элсэх, Зүүн Азийн д‎ээд хэмжээний уулзалтад оролцох, АСЕАН-ы Яриа хэлэлцээний түнш болох гэсэн Монгол Улсын зорилтыг хэрэгжүүлэхэд Вьетнам Улс байнга дэмжиж, идэвхт‎‎эй хамтран ажиллаж байгаа болно.  


Вьетнамын гадаад хэргийн дэд сайд айлчилж байна  
Үзсэн: 1270 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй