УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.
Аливаа улсын хүн ам бол тэр улсын оршин тогтнохын үндэс суурь бөгөөд хамгийн үнэтэй нөөц баялаг байдаг. Хууль санаачлагч болох Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын дурьдсанаар хүн амын гол хүчин зүйлст хүн амын өсөлтийн хурд, хүн амын газар зүйн болоод насны бүлгийн тархалт ордог бөгөөд эдгээр үзүүлэлтүүд нь нийгэм, эдийн засгийн хөгжил, амьдралын чанарыг дээшлүүлэхэд түлхэх, эсвэл хойш татах хүч болж байдаг аж.
Салбарын сайдын хэлснээр Монгол Улс сүүлийн 20 жилд хүний хөгжлийн талаархи бодлогоо орхигдуулж ирсэн аж. Харин хүн амын бодлогын хүрээнд 10 гаруй эрхзүйн актыг бүрдүүлж эрхзүйн цогц орчинг бүрдүүлэхийг зорьж байна гэлээ.
2004 онд 1996 оны хүн амын бодлогыг үндсээр нь өөрчилж “Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого”-ыг баталсан. Уг бодлогоор хөгжлийн явц дах өөрчлөлт, хандлагыг үндэсний болоод олон улсын түвшинд анхаарахыг зорьсон аж. Гэвч Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод хийсэн дүн шинжилгээнээс харахад энэхүү бодлогын зорилго, хүрэх үр дүн, хэмжих хэмжүүрүүд тодорхой бус гэсэн дүгнэлт гарсан байна.
2004 оны бодлогын хувьд бүтэц зохион байгуулалтын болоод хэрэгжилтийн тал дээрээ хэд хэдэн сул талтай байгаа аж.
Тэгэхээр 2004 оны Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулахад бодлогын баримт бичгүүд батлагдаж гарсан тул бодлогыг эдгээртэй нийцүүлэн шинэчлэн боловсруулах, сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн бүтцэд бий болсон өөрчлөлтүүд бодлогыг шинэчлэх зайлшгүй шаардлагыг бий болгосон хэмээн үзсэн тул ийнхүү цогц бодлогыг шинэчлэн батлахаар болжээ.
Хэлэлцэж буй тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуултдаа хариулт авч үг хэлсэн бөгөөд үүний дараа санал хураахад гишүүдийн олонхи нь дэмжсэнээр Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
Хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогыг шинэчлэх нь зүйтэй гэж үзэв | ||
Үзсэн: 1054 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.