Шууд Chart

Хөдөлмөр эрхлэлтийн хууль эрх зүйн орчныг сайжруулахаар олон улсын конвенцид нэгдэхийг зөвшөөрөв

2014-11-19 12:01:45

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хуралдаанаар “Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 88 дугаар конвенцид нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцөх талаар хэлэлцэв.

Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Санжмятав танилцуулсан юм. Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор 1948 онд баталсан энэхүү конвенц нь хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийн төрийн байгууллагуудын тогтолцоо, тэдгээрийн чиг үүрэг, хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний ажилтнуудын ажлын байрны нөхцөл шаардлага, тогтвортой байдал, мэргэжлийн ур чадварын шалгуур зэргийг тогтооход чиглэгджээ. Одоогоор уг конвенцид дэлхийн 89 орон нэгдээд байгаа аж.
 
Манай улсад хөдөлмөр эрхлэлтийн бүх шатны байгууллага 10 гаруй хуулийн хүрээнд төрийн бодлогыг хэрэгжүүлж, үйлчилгээ үзүүлж байгаа боловч хөдөлмөрийн салбарын хууль эрх зүйн орчин боловсронгуй болоогүйгээс бодлогын нэгдмэл байдал хангагдахгүй байгаа нь үйлчилгээний үр дүнг бууруулж, улмаар хөдөлмөрийн насны хүн амын бүрэн хөдөлмөр эрхлэлтийг хангахад бэрхшээл учруулдаг байна.
 
Иймээс уг конвенцид нэгдэн орж, түүний агуулгад нийцүүлэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгосноор хөдөлмөр эрхлэлтийн төрийн үйлчилгээний стандарт, чанар, соёлыг олон улсын жишигт нийцүүлэх, хөдөлмөрийн ажилтнуудыг чадавхижуулах, төрийн зарим үйлчилгээг хувийн хэвшилд шилжүүлэх зэргээр үйлчилгээний үр дүнг дээшлүүлэх боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгааг хууль санаачлагч хэлсэн юм. Түүнчлэн хөдөлмөр эрхлэлтийн бүтэц, тогтолцоог боловсронгуй болгох, хүний нөөцийг чадавхижуулах чиглэлээр олон улсын байгууллагуудаас үзүүлэх техникийн туслалцаа нэмэгдэх, хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэнэ гэж үзэж байгаа ажээ.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл асуулт асууж тодруулан УИХ-ын гишүүн З.Энхболд саналаа хэлэв. Гишүүний асуултад Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Санжмятав өгсөн хариултдаа, одоогоор манай улс хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр олон улсын найман конвенцид нэгдэж ороод байгаа. Энэ конвенцид нэгдэж орсноор ямар нэг төлбөр хураамж төлөхгүй гэлээ.
 
Ингээд санал хураалт явуулахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар уг конвенцид нэгдэн орох тухай асуудлыг дэмжиж, энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлт, хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр тогтсон юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөдөлмөр эрхлэлтийн хууль эрх зүйн орчныг сайжруулахаар олон улсын конвенцид нэгдэхийг зөвшөөрөв  
Үзсэн: 1234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.11.192.xxx [103.11.192.xxx] 2014-11-19 13:12
Адар: Шаардлагыг нь хэрэгжүүлж чадахгүй байж конвенцид яах гэж нэгддэг байна аа. Өөрийгөө рекламдах гэж ядчих юм.

Бидэнтэй нэгдээрэй