Шууд Chart

Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай конвенцид нэгдэхээр боллоо

2014-11-19 13:45:51

Өнөөдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 181 дүгээр конвенцид нэгдэн орох тухай асуудлыг зөвшилцлөө.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага нь хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын ажиллах боломж, нөхцөл, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах хэм хэмжээг тогтоосон “Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай” 181 дүгээр конвенцийг 1997 онд баталсан бөгөөд одоогоор 28 улс нэгдэн ороод байгаа аж.
 
Манай улсад 2012 оноос хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллага болох хөдөлмөрийн хувийн биржүүд байгуулагдаж, энэ оны наймдугаар сарын байдлаар 44 аж ахуйн нэгж, байгууллага Хөдөлмөрийн төв биржийн зөвшөөрөлтэйгээр хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлж, төрөөс санхүүжих замаар үйл ажиллагаа эрхэлж байгаа юм байна.
 
Түүнчлэн биржийн зэрэгцээ томоохон ажил олгогчийн захиалгат хүний нөөцийн компаниуд, онлайнаар ажлын байрны зар түгээж төлбөр авдаг байгууллагууд, зөвшөөрөлгүй боловч сайн дурын үндсэн дээр ажлын байрны зуучлалын үйлчилгээ эрхэлж ажил хайгч, ажил олгогчоос шууд болон шууд бусаар төлбөр авч санхүүждэг байгууллага, аж ахуйн нэгжүүд зэрэг хөдөлмөр зуучлалын олон хэлбэр бий болжээ.
 
Энэ нь хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээнд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлж, шударга өрсөлдөөнийг бий болгох эерэг талтай ч хууль эрх зүйн хувьд зохицуулах боломжгүй байгаа нь хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулж гадаад, дотоод зуучлалын үйлчилгээ авсан иргэдийн хөдөлмөрлөх эрхийн баталгаа хангагдахгүй, эрх ашиг нь хохирох, амь нас эрсдэх, хүний наймаа, бэлгийн хүчирхийлэл зэрэг хууль бус үйл ажиллагаанд өртөх олон сөрөг үр дагавар бий болох нөхцөл байдлыг үүсгэдэг байна. Иймээс тус конвенцид нэгдэн орж, түүний агуулгад нийцүүлэн хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын нэр томъёо, чиг үүрэг, хөдөлмөрийн зах зээл дэх үүрэг, оролцоо, хариуцлага зэрэг үйл ажиллагааны талаарх эрх зүйн нэгдсэн зохицуулалт, бүртгэл, төр, олон нийтийн хяналт, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлснээр үйлчлүүлэгч, зуучлуулагчдын хөдөлмөр, нийгмийн хамгааллын эрх ашгийг хамгаалах, хууль бус хөдөлмөр эрхлэлтэд өртөх, хөдөлмөрийн мөлжлөгөөс урьдчилан сэргийлэх нөхцөл бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
 
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн З.Энхболд энэ конвенцид нэгдэн орсноор хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хувийн хэвшилд тулгуурлаж явуулах юм байна, энэ ажилд улсын байгууллага оролцох шаардлагагүй болох нь гэж ойлгож болох уу гэдгийг тодруулсан юм. Энэ талаар Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч Я.Санжмятав:-Одоогоор манай улсад хөдөлмөрийн биржүүдийн зэрэгцээ хувийн хэвшлийн 44 жижиг нэгж иргэдэд хөдөлмөр зуучлалын үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр хувийн жижиг биржүүд иргэдийг ажлын байрны мэдээллээр хангасан, ажилд зуучилж оруулсан, тухайн иргэн нь зургаан сараас нэг жил хүртэл хугацаанд тогтвортой ажилласан эсэхийг харгалзан зохих урамшуулал олгодог. Бас “Оюутолгой” зэрэг зарим том компани дэргэдээ хөдөлмөрийн бирж байгуулж албан ёсны зөвшөөрөлгүй ажиллаж ирсэн. Манай улсын тухайд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хувийн хэвшлийн байгууллагууд дангаараа аваад явах боломж хараахан бүрдээгүй байна. Иймээс энэ конвенцид нэгдэж орсноор хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх алхам руу аажмаар шилжинэ, хууль эрх зүйн зарим зохицуулалтыг ч хийнэ гэсэн хариулт өгөв.
 
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар уг конвенцид нэгдэж орох нь зүйтэй гэж үзсэн тул энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлт болон хуралдааны тэмдэглэлийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо.
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Хөдөлмөр эрхлэлтийн хувийн байгууллагын тухай конвенцид нэгдэхээр боллоо  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй