Шууд Chart

Ерөнхийлөгч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр УИХ-д өргөн барилаа

2014-11-20 14:06:18

Шинэ Засгийн газрын тэргүүнд Ч.Сайханбилэгийн нэрийг дэвшүүлэх шийдвэрийг АН-ын ҮЗХ-оос гаргасан. Үүний дараа намын дарга З.Энхболд УИХ дахь бусад нам, эвслүүдэд Ч.Сайханбилэгийг дэмжиж, хамтарч ажиллах санал явуулсан билээ. Харин үүний дараа Иргэний зориг ногоон нам хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн бол Монгол Ардын Нам Ч.Сайханбилэгийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн.

Ямартаа ч дөнгөж сая Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Нэргүй Ч.Сайханбилэгийг  Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай саналыг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.
 
Үндсэн хуульд “УИХ-д олонх суудал авсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг; аль ч нам, эвсэл олонхийн суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөн нэр дэвшүүлсэн хүнийг; хэрэв хамгийн олон суудал авсан нам, эвсэл бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадаагүй бол УИХ-д суудал авсан нам, эвсэл зөвшилцөн олонхиороо нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор УИХ-д оруулах” гэсэн заалт байдаг.
 
Тэгэхээр хуулийн дагуу УИХ-ын 2012 оны ээлжит сонгуулийн дүнгээр УИХ-ын хамгийн олон суудал авсан Ардчилсан нам нь УИХ-д суудалтай бусад нам, эвсэлтэй зөвшилцөн УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулахаар нэр дэвшүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Харин үүнийг нь Ерөнхийлөгч хүлээн авч соёрхсон бөгөөд Үндсэн хуулийн дээрх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу Ч.Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналыг ийнхүү УИХ-д өргөн барьж байгаа ажээ.
 
Одоо Засгийн газрын тэргүүнд Ч.Сайханбилэгийг томилох асуудлыг үргэлжлүүлэн чуулганы хуралдаанаар шийдвэрлэх юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхийлөгч Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр УИХ-д өргөн барилаа   
Үзсэн: 1313 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй