Шууд Chart

Соёлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцов

2014-11-20 17:34:53

Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсын Семийн дэд маршал Ежи Вендерлих тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хоёр орны соёлын харилцааг шинэ түвшинд гаргаж, хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа дуулгаж, кино урлаг, соёлын өвийн сэргээн засварлалтын салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлэх бүрэн боломжтойн зэрэгцээ урт хугацааны найрсаг хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэх боломж байгааг хэлсэн. Түүнчлэн Польшийн кино урлагийн салбарынхантай хамтран ажиллах, соёлын үнэт дурсгалуудыг сэргээн засварлах монгол мэргэжилтнүүдийг БНПУ-д суралцуулдаг уламжлалыг сэргээх хүсэлтэй байгааг онцлосон юм.
 
Ноён дэд маршал Ежи Вендерлих хэлэхдээ, бидний Монгол Улсад хийж буй энэ удаагийн айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн өмнө тохиож байгаагаараа онцлогтой гээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Мөн тэрээр, энэхүү уулзалтын үеэр яригдсан санал, санаачилгуудыг бодит ажил хэрэг болгох талаар анхаарч ажиллах болно гэлээ.
 
Уулзалтын үеэр цаашид хоёр улс соёлын салбарт хамтран ажиллах, урлаг соёлын томоохон арга хэмжээг харилцан зохион байгуулах болон БНПУ-д соёл, урлагийн чиглэлээр суралцах оюутнуудын тоог нэмэгдүүлэх зэрэг олон чухал асуудлаар харилцан санал солилцлоо.
 
 
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Соёлын салбарт хамтран ажиллах талаар санал солилцов  
Үзсэн: 859 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй