Шууд Chart

Ц.Элбэгдорж: Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-аас хүсье

2014-11-21 12:44:52

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн Ч.Сайханбилэгийг томилуулах асуудлаар УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдааны эхэнд танилцуулга хийв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “УИХ-ын гишүүд, эрхэм гишүүд ээ. УИХ-д хамгийн олон суудал авсан Ардчилсан нам бусад нам, эвсэлтэй зөвшилцөж Монгол Улсын Ерөнхий сайдад Чимидийн Сайханбилэгийг нэр дэвшүүллээ. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтын дагуу Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилуулах саналыг Монгол УИХ-д оруулж байна.
 
Чимэдийн Сайханбилэг нь Монгол Улсын Их Хурлын гишүүн, Гэгээрлийн сайд, Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын дарга, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж ирснийг та бүхэн сайн мэднэ. Тэрбээр 1969 онд Дорнод аймгийн Баянтүмэн суманд төрсөн. МУИС болон Москва хотын Хүмүүнлэгийн их сургууль, Жорж Вашингтоны их сургууль төгссөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй. Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Чимэдийн Сайханбилэг Монгол Улсын Ерөнхий сайдын албан тушаалд хууль, хариуцлага, ёс зүйг дээдэлж, улс орныхоо эрх ашгийг урьтал болгон тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн төлөө санаачлагатай, эрч хүчтэй, бусадтай гар нийлэн ажиллаж чадна гэдэгт итгэж байна.
 
Чимэдийн Сайханбилэгийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-аас хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Ц.Элбэгдорж: Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг УИХ-аас хүсье  
Үзсэн: 943 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй