Шууд Chart

Турк улс төрийн өндөр албан тушаалтнуудаа яллав

2013-08-07 17:46:00

Туркын шүүх тус улсын Батлан хамгаалахын сайд асан Генерал Илкер Бэсбуг тэргүүтэй цэргийн өндөр албан тушаалтан, хууль тогтоогч, сэтгүүлч, хуульч зэрэг 270 гаруй хүнийг одоогийн засгийн газрыг унагаахыг завдсан хуйвалдаанд оролцсон хэрэгт буруутгасан байна. Өчигдөр болсон шүүх хурлаар нийт 19 хүнийг ялласны дотор тэтгэвэртээ сууж байгаа Армийн Генерал асан Илкер Бэсбугийг бүх насаар нь хорих ял, өөр гурван төрийн дээд албан тушаалтныг 12-35 жил шоронд хорих ял тус тус оноолоо. Энэ хэрэгт олон хүн хамсагдан буруутгагдаад байгаа бөгөөд тэд өөрсдийгөө буруугүй хэмээн үзэж байгаа аж. Цэргийнхэн Ерөнхий сайд Тайип Эрдоганы бодлогыг дургүйцэн засгийн газрыг түлхэн унагахыг завдсан гэж тус улсын хэвлэл мэдээллүүд онцолж байгаа юм. 2003 оноос хойш гурван удаа улиран сонгогдсон Тайип Эрдоганы засгийн газрын бодлогод Лалын шашны үзэл баримтлал тусгагдах болсон байна. Уг нь Бүгд Найрамдах Турк улс 1923 оноос хойш шашин, төрийг ангид байлгах бодлого баримталсаар ирсэн юм. Харин энэ бодлого алдагдаж, шашны нөлөө төрийн хэрэгт орж байна гэж цэргийнхэн шүүмжлээд байгаа. Тэд  шүүхийн дээрх тогтоолыг эсэргүүцэх нь мэдээж гэж ажиглагчид тайлбарлалаа. Шүүхийн зүгээс үүнийг цэргийнхний давруу эрх мэдлийг хязгаарласан жинхэнэ ардчилсан шүүх хурал боллоо гэж үзэж байгаа юм байна. Станбул хотын баруун хэсгийн Силиври дүүрэгт болсон шүүх хурлын байрны гадна 1000 гаруй хүн цугласан бөгөөд хамгаалалтынхан байдлыг хяналтандаа авчээ. Үүнээс өмнө, энэ оны Зургадугаар сард Туркийн Истанбул хотын төвд байрлах Гези цэцэрлэгт хүрээлэнг нурааж, барилга барихаар төлөвлөсөн хотын дэд бүтцийн төлөвлөгөөг эсэргүүцэж, Ерөнхий сайдаа огцрохыг  шаардсан өргөн хүрээний жагсаал зохион байгуулагдсан. Үүнтэй ижил эсэргүүцлийн жагсаал өнгөрсөн долоо хоногт дахин зохион байгуулагджээ. 

 
Нийтэлсэн: Moнголын мэдээ

Турк улс төрийн өндөр албан тушаалтнуудаа яллав  
Үзсэн: 1164 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй