УИХ дахь "Шударга ёс эвсэл"-ийн бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Бүлгийн хурлаар Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хамтын тэтгэвэрийн хуулийн төслүүдийн талаар ярилцаж, хуулийн төслийн үзэл санааг нь дэмжсэн байна. Харин Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төсөлд зарим нэг засаж залруулах шаардлагатай зүйлс бий тул УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээр ахлуулсан ажлын хэсэг гарган ажилахаар болжээ.
Мөн тус бүлгийн гишүүд хамтарсан хуулийн төсөл санаачлахаар болсон байна. Энэ талаар эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг "Эхний ээлжинд бид нийслэлийн усан хангамжийг сайжруулах, Туул голоо хамгаалах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулахаар болсон. Мөн өнөөгийн нийгмийн өмнө тулгамдаж буй бас нэгэн асуудал бол хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ. Сүүлийн үед өсвөр насны хүүхдүүд мансууруулах бодис хэрэглэх нь ихэсэж байгаа тул хууль эрх зүйн орчныг чангатгах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзсэн. Тиймээс хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх УИХ-ын тогтоолын төслийг санаачлахаар боллоо" гэв.
Үүнээс гадна Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн тус эвсэлд хүргүүлсэн “Засгийг газрыг хамтран байгуулах тухай” саналын талаар хэлэлцжээ. Энэ асуудлыг маргааш болох МАХН, МҮАН-ын Удирдах зөвлөлийн хамтарсан хуралдаанаар хэлэлцэхээр тогтжээ.
Энэ үеэр бүлгийн дарга Н.Батцэрэгээс дараах тодруулгыг авлаа.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай намуудтай хамтран ажиллах саналыг хүргүүлсэн. Танай нам энэ саналыг хүлээж авсан уу, яаж шийдсэн бэ?
-Манай бүлэгт хоёр нам харьяалдаг. Тийм учраас эхний ээлжинд нам нам дээрээ удирдах байгууллагуудыг хуралдуулаад, Засгийн газарт орохоор хүргүүлсэн асуудалд өөрсдийн байр суурийг гаргаж ирээрэй гэсэн. Харин маргааш эвслийн түвшин болон бүлэг гэсэн дарааллаар энэ асуудлыг шийднэ. 2012 оны сонгуулийн дүнгээр хамтарсан Засгийн газар байгуулахад “Шударга ёс” эвсэл АН-ын хооронд байгуулсан гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тэгэхээр энэ гэрээ цаашаа үргэлжлээд гэрээний хүрээнд хамтраад ажиллах юмуу, гэрээ дуусгавар болоод шинэ нөхцөлд хамтрах тухай асуудал яригдах уу гэдэг чухал асуудал. Тиймээс АН-ын удирдлагууд, бүлгийн удирдлагуудтай яриа хэлцэлд орно. Тэрний дараа Засгийн газрын аль бүтцэд хэнийг томилж ажиллуулах вэ гэдгийг ярина.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг парламентад суудалтай намуудтай хамтран ажиллах саналыг хүргүүлсэн байна. МАН хамтарсан Засаг байгуулвал танай нам яах вэ?
-Бүх намуудад албан бичиг хүргүүлсэн юм байна. Хэрвээ МАН орохгүй гэж шийдвэл одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бидний хоорондын хамтын ажиллагааны гэрээнд зарим талаараа нэмэлт оруулж болно. Ерөнхийдөө гэрээ цаашаа үргэлжлээд явна. Хэрвээ МАН орно гэж шийдвэл хоёр талын байгуулсан гэрээ дуусгавар болно. Гэрээ дуусгавар болно гэдэг нь улс төрийн шинэ нөхцөл байдал үүснэ. Засгийн газарт ямар нөхцөлтэй орох вэ, шинэ гэрээг гурван тал, дөрвөн талт байх уу, зөвхөн АН-тай байгуулах уу гэдгийг одоо хариулах боломжгүй байна.
-Өмнөх Засгийн газрын үед таныг Барилга хот байгуулалтын сайдад нэр дэвшүүлж байсан. Одоо шинэ Ерөнхий сайд Засгаа бүрдүүлэх гэж байна. Шинэ Засаг дан дээлтэй байхыг Ерөнхийлөгч шаардаж байгаа. Тэгэхээр өмнө бүрэлдэхүүн хэвээрээ ороод ирвэл та гишүүнээсээ татгалзаад сайд болох уу?
-Намайг дахиж өргөн барих уу гүй юу гэдэг нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Засагт хамтрах эсвлийн удирдах зөвлөл, бүлгийн гишүүд энэ талаар санал солилцох байх. Ерөнхий сайд бүрэн эрхийн хүрээнд яаж харж байгаагаас шалтгаална.
Н.Батцэрэг: Ч.Сайханбилэгтэй хамтарч ажиллах талаар шийдвэрээ гаргаагүй байна | ||
Үзсэн: 1246 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.