Шууд Chart

Д.Эрдэнэбат: МАН Засгийн газарт хамтарч ажиллахгүй гэсэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй

2014-11-24 14:43:45

УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж,  гурван үндсэн асуудал хэлэлцжээ. Тодруулбал, хамгийн эхэнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн бусад нам, эвслүүдэд хүргүүлсэн хамтарч ажиллах саналын талаар ярилцсан байна.  Уг хамтарч ажиллах санал нь улс оронд тулгарсан нийгэм, эдийн засгийн бүхий л асуудлыг хамарч байгаа бөгөөд үүнийг намын бүлгийн болон Удирдах зөвлөлийн гишүүд дэмжиж байгаа гэдгийг бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн юм.

Түүнчлэн хуралдаанаар Ерөнхий сайд шинээр томилогдсонтой холбогдуулан цаашид Засгийн газрын бодлого, чиглэл ямар байх талаар санал солилцсон байна. Мөн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй бүлгийн гишүүд  эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл авч ярилцсан ажээ.
 
Энэ үеэр бүлгийн дарга Д.Эрдэнэбатаас дараах тодруулгыг авлаа.
 
-УИХ дахь МАН-ын бүлэг Засгийн газарт орж хамтарч ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн?
-МАН-ын зүгээс Засгийн газарт хамтарч ажиллахгүй гэсэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Ямартай ч улс орны эрх ашгийг нам хүчний эрх ашгийн эхэнд тавьсан энэ саналыг эрүүлээр авч үзнэ байх. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-д олон суудалтай нам ачаагаа үүрээд явах ёстой” гэсэн үг хэлсэн байсан. Гэхдээ энэ нь засагт орохгүй гэсэн байр сууринаас зарчмын ялгаатай. МАН энэхүү саналыг эрүүлээр хүлээн аваад хамтраад ажиллах боломжтой.
 
-Шинэ Засгийн газрын бүтэц ямар байх вэ, өөрчлөгдөх үү?
-Засгийн газар хичнээн яамтай, ямар бүтэцтэй байх вэ гэдэг талаар одоо ярихад эрт байна. Бүлгийн хурал дээр ч энэ асуудлыг яриагүй.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Эрдэнэбат: МАН Засгийн газарт хамтарч ажиллахгүй гэсэн албан ёсны байр суурь илэрхийлээгүй   
Үзсэн: 903 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй