Шууд Chart

МАН Засгийн газарт хамтарч ажиллах талаар судлах ажлын хэсэг байгуулжээ

2014-11-24 16:01:51

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр болсон ээлжит хуралдаанаараа хоёр асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Д.Оюунхорол, Н.Номтойбаяр, Ажлын албаны дарга Ш.Раднаасэд нар мэдээлэл хийлээ. Эхнийх нь Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс МАН-д өнөөдөр ирүүлсэн засагт хамтран ажиллах саналыг хэлэлцсэн байна. Энэ талаар бүлгийн дарга С.Бямбацогт хэлэхдээ "Бүлгийн хурлаар энэ асуудлыг шууд шийдэх боломжгүй. Намын дүрэмд заасны дагуу Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Бага хурлаас эцсийн шийдвэр гарна" гэлээ. Уг саналтай холбогдуулж МАН-ын бүлгээс Су.Батболд гишүүнээр ахлуулсан Ө.Энхтүвшин, Н.Номтойбаяр, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Ж.Энхбаяр нарын зургаан хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг нь засагт хамтарсан тохиолдолд ямар асуудлыг шийдэх, бүтэц, бүрэлдэхүүнээ яаж өөрчлөх, хууль эрх зүйн орчны хүрээнд эдийн засгийн ямар асуудлыг шийдэх вэ гэдгийг тодорхой болгож намын бүлэг, Удирдах зөвлөл, Бага хуралд оруулах үүрэг хүлээсэн аж.

Мөн бүлгийн хуралдаанаар Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн 90 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэх зээлийн хэлэлцээрийг хэлэлцсэн байна. Гэхдээ уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэх шаардлагагүй гэж үзжээ. Эл хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих дөрвөн зээлийн төслийн нөхцөл нь өмнөхөөсөө муудсан, хугацаа нь богиноссон, хүү нь нэмэгдсэн учраас зориулалт болон Монгол Улсад наалдах үр өгөөжийг нь илүү тодорхой болгох шаардлагатай гэж гишүүд үзэж, хойшлуулахаар тогтов. Ингэхдээ Монгол Улсын гаднаас авсан өр зээлийн хэмжээ Төсвийн тогтвортой байдлын тухай хууль болон Төсвийн хуульд заасан хэмжээнээс хэтэрсэн. Нөгөө талаар холбогдох байгууллагууд өрийн хэмжээ, босгыг өөр өөрөөр тайлбарладаг учраас өрийн тодорхойлолтыг нэгдсэн нэг аргачлал, тогтсон тоотой болгох нь зүйтэй гэж үзэж, ажлын хэсэг байгуулахаар болжээ.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

МАН Засгийн газарт хамтарч ажиллах талаар судлах ажлын хэсэг байгуулжээ  
Үзсэн: 919 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй