Шууд Chart

Өнчин хүүхдүүдийн халамжийн нөхцөлийг сайжруулах хуулийн төслийг дэмжлээ

2014-11-25 10:26:03

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан дөнгөж сая болж Нийгмийн даатгалын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг шийдлээ.

 

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулинд хүүхдийн эрхийг төрсөн цагаас нь эхлэн 18 насанд хүртэл төрөөс хамгаалахаар заасан. Тэтгэврийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 16-19 насны 500 орчим хүүхэд байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр авах эрх үүссэн даатгуулагч бүр тэтгэвэр авахаар заасан байдаг.
 
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 4-т ”Асрамжийн газар асруулж буй тэтгэвэр авагчид урьд тогтоогдсон тэтгэврийнх 30 хувийг олгож болно” гэж заасан нь агуулгын хувьд тус хууль болон Нийгмийн халамжийн тухай хуультай зөрчилдөж байгаа юм гэдгийг салбарын сайд хэлсэн юм.  Иймд Нийгмийн даатгалын тухай болон бусад хууль тогтоомжтой уялдуулах зорилгоор хуулийн энэ хэсгийг хүчингүй болгохоор хуулийн төсөлд санал оруулж байгаа ажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийнзасагт аливаа сөрөг үр дагавар гарахгүй бөгөөд дараах эерэг үр дагавар бий болно гэдгийг хууль санаачлагч гишүүдэд хэллээ. Түүнчлэн бүтэн өнчин хүүхдэд олгох тэжээгчээ алдсаны тэтгэврийн хэмжээ нэмэгдэж хүүхдийн нийгмийн баталгаа нь сайжирна гэв.
 
Манай улсын хэмжээнд дөрвөн мянга орчим бүтэн өнчин хүүхэд байдаг.Харин тэтгэврийн даатгалын сангаас тэжээгчээ алдсаны тэтгэвэр авдаг 0-19 насны 1.1 мянган хүүхэд байдаг. Үүнээс хоёр асран хамгаалагч нь даатгуулагч байсан бүтэн өнчин хүүхдийн тоо 200 орчим хүүхэд байдаг бөгөөд эдгээр хүүхдүүдийн тэтгэврийн нэмэгдэлд сард дундажаар 15.0 сая орчим төгрөг шаардагдах ажээ. Хуулийн төсөл батлагдсанаар нийгмийн даатгалын тухай болон бусад хууль тогтоомжтой зөрчилдөх асуудлыг шийдвэрлэнэ гэдгийг мөн С.Эрдэнэ сайд хэлсэн юм.
 
Хэлэлцэх буй асуудалтай холбогдуулан гишүүд С.Эрдэнэ сайдаас асуулт асууж дууссаны дараа уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжих эсэх талаар санад хураахад гишүүдийн олонх нь дэмжсэн юм. Тиймээс Нийгмийн даатгалын тухай багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн чуулганы хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өнчин хүүхдүүдийн халамжийн нөхцөлийг сайжруулах хуулийн төслийг дэмжлээ  
Үзсэн: 1216 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй