УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Өнөөдрийн байдлаар манай улсад согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий спиртийн долоо, архины 57, шар айрагны 19, дарсны 10, нийт 93 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна.
Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн тоо хэт олон байгаагаас зах зээл дэх архины нийлүүлэлт, далд сурталчилгаа ихэсч, хүн амын архины хэрэглээг нэмэгдүүлэх, чанарын шаардлага хангахгүй архи үйлдвэрлэх үндэс болж байна хэмээн хууль санаачлагч үзжээ. Тиймээс хуулийн төсөлд согтууруулах ундаа үйлдвэрлэх, импортлох, худалдах, үйлчлэхэд тавих хяналттай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд согтууруулах ундааны спиртийн агууламжийн хэмжээг харгалзан ялгамжтайгаар тогтооно. Тухайлбал, өндөр агууламжтай согтууруулах ундаанд 18 хувиас аас дээш спирт агуулсан, спиртийн сул агууламжтайд 18 хувиас доош спирт агуулсан согтууруулах ундааг хамааруулах ба худалдаалах, үйлчлэх тусгай зөвшөөрөл нь ялгамжтай байх аж.
Түүнчлэн үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийг Засгийн газар, худалдах, үйлчлэх тусгай зөвшөөрлийг сум, дүүргийн Засаг дарга олгохоор тусгажээ. Өндөр агууламжтай согтууруулах ундааг зөвхөн дагнасан цэгээр худалдаална. Тухайн цэгт тавигдах шаардлагыг өндөрсгөж, цагийн хязгаарлалт тогтооно. 2000 хүн ам тутамд нэгээс ихгүй, 2000 хүн амаас доош хүн амтай суманд хоёроос дээшгүй байхаар тооцсоноос гадна худалдах тусгай зөвшөөрлийг орчны бүсэд оршин суугч иргэдийн 50-аас доошгүй хувийн саналыг үндэслэн хүчингүй болгоно. Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг орчны бүсэд оршин суугч иргэдийн 90 хувиас доошгүй дэмжсэн саналыг үндэслэн олгохоор тусгасэн гэдгийг хууль санаачлагч хэлсэн юм.
Д.Эрдэнэчимэг гишүүн Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төсөл өргөн барив | ||
Үзсэн: 1622 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.