Шууд Chart

Галт зэвсгийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ

2014-11-25 13:11:26

Өнгөрөгч 2001 онд УИХ-аас баталсан Галт зэвсгийн тухай хууль нь зэвсэгт хүчин, бусад цэрэг, цагдаа, тагнуул, хорих байгууллагын эзэмшилд байгаа байлдааны зориулалттай галт зэвсгээс бусад галт зэвсгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг бөгөөд уг хуульд нийтдээ гурван удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

Галт зэвсгийн тухай хуульд сумны эргэлттэй холбоотой зохицуулалт байхгүй, галт зэвсгийн хэв загварыг өөрчлөх, үйлдвэрийн бус аргаар хийж бэлтгэсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагын хэм хэмжээ байхгүй, хариуцлагын хэмжээг нэмэгдүүлэх, иргэд аж ахуйн нэгжийн өмчилж болох галт зэвсгийн техникийн үзүүлэлт тодорхойлолтыг байлдааны зориулалттай галт зэвсгээс ялгаатай тогтоох, Хууль зүйн сайд тусгай зөвшөөрөлтэй холбоотой үйл ажиллагааг бүрэн хариуцаж, хяналт тавьдаг байх, буудлага спортын чиглэлээр сургалт, тэмцээнд оролцоход галт зэвсэг, сумны эрэлт хэрэгцээ их байгаа хэдий ч улсын хилээр оруулах асуудал хүндрэлтэй байгаа зэрэг зохицуулалтыг хуульчлах шаардлагатай байна гэдгийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин хэлсэн юм.
 
Үүний дагуу тэрээр“Галт зэвсгийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулсан бөгөөд  хуулийн төсөлтэй холбогдуулан уулзалт ярилцлага, хуулийн байгууллагуудаас ирүүлсэн санал, бусад судлаачдын ирүүлсэн судалгааны материалыг судлан үзсэн байна. Ингэхэд галт зэвсэг хэрэглэн үйлдэж буй гэмт хэргийн тоо ихсэж байгаа, улсын хилээр оруулж ирэх явдал ихэссэн, галт зэвсэгтэй холбоотой мэдээ баримтыг нэгтгэх байгууллага тодорхой бус, галт зэвсгийг хадгалах, авч явах, борлуулах зэрэг зохицуулалт нь тодорхой бус, хариуцлагын хэм хэмжээ сул, галт зэвсэгтэй адилтгах хүнийг хөнөөх чадвартай хэрэгслийн талаарх зохицуулалт байхгүй зэргийг судлан үзсэний үндсэн дээр Галт зэвсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах нь зүйтэй хэмээн үзжээ.
 
Ийнхүү боловсруулсан хуулийн төслөө Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин өнөөдөр УИХ-ын даргад өргөн барилаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Галт зэвсгийн тухай хуулийг өөрчлөх шаардлагатай гэж үзжээ  
Үзсэн: 1305 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй