Согтуурах, мансуурах донтой, өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хууль 2000 онд батлагдан хэрэгжиж байгаа билээ.
Өнгөрсөн хугацаанд тус хуулийг мөрдөн ажиллах явцад зарим заалт нь хэрэгжих боломжгүй, зарим зохицуулалтыг нарийвчлан тодорхойлох шаардлагатай болсон нөхцөл байдал үүссэн учраас Хууль зүйн сайдын үүрэг гүйцэтгэгч Х.Тэмүүжин уг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.
Төслийн танилцуулгад дурдсанаар, Согтуурах, мансуурах донтой өвчтэй хүнийг шүүхийн шийдвэрээр албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх нь шийтгэл ногдуулж байгаа биш учраас энэ хуулиас албадан хөдөлмөр хийлгэхтэй холбогдсон зохицуулалтыг хассан байна.
Одоогийн мөрдөж байгаа хуульд Албадан эмчлэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяалалд байх бөгөөд түүний албадан эмчлэх мэргэжлийн удирдлагыг эрүүл мэндийн байгууллага хэрэгжүүлнэ гэж заасан боловч мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх ажил хангалтгүй, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад эмчлэх мэргэжлийн удирдлага, боловсон хүчнээр хангах, мэргэшүүлэх, давтан сургах чиг үүрэг байдаггүй тул энэ чиглэлээр эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хэрэгжүүлэх ажлыг хуулийн төсөлд тусгасан ажээ.
Уг “Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хууль”-ийн төслийг Хууль зүйн сайдын үүргийг гүйцэтгэгч Х.Тэмүүжин өнөөдөр УИХ-ын даргад өргөн барьсан юм.
“Согтуурч, мансуурч донтох эмгэгтэй хүнийг албадан эмчлэх тухай хууль”-ийг шинэчилнэ | ||
Үзсэн: 1195 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.